Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслөөс
гадаадын мал эмнэлгийн их, дээд сургуульд
богино хугацааны интерншип (мэргэжил дээшлүүлэх) хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтын зар
Тус төслийн дэмжлэгтэйгээр 2016 онд мал эмнэлгийн төрийн байгууллагад ажиллаж буй 40 хүртэл насны, зохих шалгуур хангасан нийт 3 малын эмчийг гадаадын их, дээд сургуульд богино хугацааны интерншип хөтөлбөрт хамруулна.
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй малын эмч доорх баримтуудыг бүрэн бүрдүүлж “Малын эрүүл мэнд” төслийн (odontsetseg@livestock.mn) цахим хаягаар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагаас өмнө PDF файл хэлбэрээр ирүүлнэ үү (Жич: Бүх баримтыг нэгтгэж нэг PDF болгож ирүүлэхийг гойд анхаарна уу!).
Сонгон шалгаруулалтыг “Малын эрүүл мэнд төсөл” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Мал эмнэлэг, үржлийн газартай хамтарч зохион байгуулна.
1. Суралцах чиглэл
· Мал эмнэлгийн бүх нарийн мэргэшлийг хүлээн зөвшөөрөх боловч клиникийн мэдлэг, ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрт илүү ач холбогдол өгнө.
2. Суралцах хугацаа
· 1-2 сар
3. Англи хэлний мэдлэг
· Talk Talk English англи хэлний сургуулийн 10 дугаар түвшний шалгалтыг амжилттай өгсөн байх; Тус хэлний сургуульд шалгалт өгснийг нотлох хуудсыг доор хавсаргав. Хавсралт 1–ийг үзнэ үү.
Жич: Talk Talk English сургуульд түвшин тогтоолгох шалгалт өгөхдөө тус байгууллагын ажилтан Мөнхзаяатай 99770797 дугаарын утсаар холбогдож урьдчилан цаг авна уу.
4. Өргөдөл гаргагч малын эмч доорх баримтуудыг бүрдүүлнэ (монгол, англиар):
· Анкет
· Интерншип хөтөлбөрт хамрагдахыг дэмжсэн харъяалах байгууллагын удирдлагын албан бичиг
· Хүлээн авах гадаадын их, дээд сургуулийн зөвшөөрөл (Аль ч улсын сургууль байж болно. Зөвшөөрлийг албан бичгээр нотолно.)
· Хүлээн авах сургуулийн интерншип хөтөлбөр, удирдагч багшийн танилцуулга бүхий цогц мэдээлэл
· Хүлээн авах сургуулиас санал болгож буй интерншип хөтөлбөрийн төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа (сургалтын төлбөр, байр, хоол, унаа); Жич: Олон сургуулийн интерншип хөтөлбөр сургалтын төлбөр авдаггүй болохыг анхаарна уу.
· Малын эмчээс төсөлд хандсан өргөдөл: Үүнд:
- Интерншип хийх зорилго
- Тухайн сургуулийг сонгох болсон шалтгаан; Үүнд, тухайн сургуулийн санал болгож буй хөтөлбөр таны мэргэшил, цаашдын зорилготой хэрхэн уялдаж байгааг тайлбарлах
- Суралцаж ирээд мэргэжил нэгт нөхөдтэйгээ сурсан зүйлээ хэрхэн хуваалцах тухай
- Шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт тайлбар
5. Суралцаж ирээд зайлшгүй гүйцэтгэх ажил:
· Сургалтын үр дүнгийн талаар дотоодын мал эмнэлгийн сэтгүүлд нийтлүүлнэ.
· Шинээр олж авсан ур чадвар, мэдлэгийнхээ талаар төслөөс зохион байгуулах сургалт, холбогдох хуралд илтгэнэ.
Лавлах зүйл байвал Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Н.Одонцэцэгтэй (odontsetseg@livestock.mn) цахим хаягаар холбогдоно уу.