ИТС-ийн Тэнхимийн эрхлэгч Д.БААТАРХҮҮ “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”-аар шалгарлаа
Монголын багш нарын 50, дэлхийн багш нарын 22 дахь өдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ өнөөдөр /2016.10.05/ Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ”-ийг шалгаруулав. Баярын ёслолыг Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчдын хамт “Багшаа дуулья” дуугаар нээсэн юм.
Мөн БУСШУС-ын сайд Ж.Батсуурь багш нарт зориулж мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ, “Монголын боловсрол, шинжлэх ухаанд амжилт бүтээлийг бий болгож, ирээдүй хойч үеэ тасралтгүй бэлтгэж байгаа эрдмийн хөтөч эрдэмтэн, багш, судлаач, албан хаагч, та бүхэн монгол түмний бахархал гэдгийг онцлон тэмдэглэе” гэлээ. Энэ жилийн “Оны тэргүүний багш”-аар ХААИС-ийн ИТС-ийн Цахилгаан хангамж электроникийн тэнхимийн эрхлэгч Д.Баатархүү, АШУҮИС-ийн багш Н.Баясгалан, Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс, Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн биологийн багш Н.Цолмон, Багануур дүүргийн Боловсрол сургуулийн бага ангийн багш Б.Ундрал нар шалгарлаа.
ИТС-ийн Цахилгаан хангамж электроникийн Тэнхимийн эрхлэгч Доржсүрэнгийн Баатархүү нь ХААИС - ийн ИС-ийг “Инженер механик” мэргэжлээр 1999 онд төгссөн. 2003 онд ХААИС-д магистр, 2008 онд БНСУ-д магистр, 2012 онд БНСУ -д техникийн ухааны доктор (Ph.D) - н зэрэг хамгаалсан. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүлэн, 24 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтүүлж, 11 патент, ашигтай загварыг батлуулжээ. Тэрээр ХААИС-д 17 дахь жилдээ ажиллаж байна.
Харин Улсын тэргүүний цэцэрлэгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Алимаа эрхлэгчтэй 4-р цэцэрлэг, Хэнтийн аймгийн Хэрлэн сумын Б.Энхтуяа эрхлэгчтэй 4-р цэцэрлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Ариунаа эрхлэгчтэй Гацуурхан цэцэрлэг, Увс аймгийн Улаангом сумын Ц.Пагмаа эрхлэгчтэй 4-р сургууль тус тус шалгарсан байна.
Улсын тэргүүний сургуулиар Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори 1-р сургууль, Увс аймгийн Н.Бүрэн захиралтай лаборатори 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Н.Энхтуяа захиралтай Орхон цогцолбор сургууль тус тус шалгарлаа.