БНХАУ-ын Шеньяний хөдөө аж ахуйн их сургууль Монгол Улсын ХААИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
БНХАУ-ын дарга Ши Жинпины санаачлан хэрэгжүүлж буй “Нэг бүс нутаг, нэг зам” санаачилгын хүрээнд Торгоны замын дагуу байрлах мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаа явуулдаг Ази, Европийн их сургуулиудын удирдлагын төвшний чуулга уулзалт БНХАУ-ын Шеньяний Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Лью Гуанглины санаачилгаар тус их сургууль дээр 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд Болгар, Киргиз, Монгол, Польш, Украйн, БНХАУ, ОХУ, Туркмен зэрэг орны Хөдөө аж ахуйн их сургуулиудын удирдлага түүний дотор Монгол улсын ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон ба уг уулзалтын үеэр их сургуулиудын хооронд хамтын ажиллагааны хоёр болон олон талын гэрээ байгуулагдсаны дотор БНХАУ-ын Шеньяний Хөдөө аж ахуйн их сургууль Монгол Улсын ХААИС хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутан солилцох, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, технологи дамжуулах, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Уг айлчлалын үеэр манай төлөөлөгчид тус их сургуулийн Мал аж ахуй, мал эмнэлгийн коллеж дээр ажиллаж малыг эрүүлжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын судалгааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, судалгааны үр дүнгээр бүтээл нийтлүүлэх зэрэг ажилд илүү ач холбогдол өгөн ажиллахаар ярилцав. Дашрамд дурдахад тус их сургуулийн Мал аж ахуй, мал эмнэлгийн коллежийн захирал, профессор Чен тэргүүтэй төлөөлөгчид мөн оны 6 дугаар сард ХААИС дээр ажиллаж манай их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Тус Шеньяний Хөдөө аж ахуйн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Ургамал хамгаалал; Газар тариалан; Газар, хүрээлэн буй орчны инженерчилэл; Эдийн засаг, менежмент; Мал аж ахуй, мал эмнэлэг; Ойн аж ахуй; Инженер; Мэдээл зүй, цахилгааны инженер; болон Усны нөөц, хамгаалал зэрэг 8 салбартай бөгөөд одоогоор 20 гаруй мянган оюутан суралцаж байна. Тус их сургууль судалгааны 79 орчин үеийн байгууламжтай бөгөөд 177 профессор, 368 дэд профессор сургалт, судалгааны идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.