ИХ СУРГУУЛЬ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх дээд боловсролын сургалтын байгууллага ба үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх төслийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр, БСШУСЯ-ны Ёслолын танхимд зохион байгуулагдав.
Ёслолын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, тус яамны газар, хэлтсийн дарга нар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дах Суурин төлөөлөгч Ёоланда Фернандес Ломмен, МУИС, ХААИС зэрэг их дээд сургуулийн захирлууд, төслийн багийн ахлагч, профессор, багш нар оролцов.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ; эдгээр төслүүд хэрэгжсэнээр манай их сургуулиудын профессор багш, судлаачид үйлдвэрлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжиж, мэдлэгийг баялаг болгох, өндөр технологийн үйлдвэрлэлийн эх суурийг тавих сайхан боломж бүрдэж байгааг онцлон тэмдэглэж байв.
Төслийн шалгаруулалтыг 2016 оны 4 дүгээр сард олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд нийт 60 төслийн санал ирсэнээс 5 их сургуулийн 13 төсөл шалгарч, батламжаа гардан авлаа. Эдгээр төслүүд нийтдээ 9 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн нийт санхүүжилт 485 сая төгрөг байх юм. Тус ХААИС-ийн 5 төсөл шалгарч батламжаа гардан авсан болно. Үүнд:
1. “Хөрсний үржил шимийг сайжруулах органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, туршилт, судалгааны таатай орчин бүрдүүлэх нь” удирдагч, ХААИС, Агроэкологийн сургуулийн дэд профессор, А.Буянбаатар;
2. “ХАА-н салбарын нягтлан бодох бүртгэлийн сургалт, үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөрийг инновацийн бүтээгдэхүүн болгох нь” удирдагч, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, доктор Б.Одончимэг;
3. “Мал эмнэлгийн салбарт шилдэг энтерпренёрүүдийг бэлтгэх” удирдагч, ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, дэд профессор Б.Баттөр;
4. “ХАА-н зүтгэх хүчний машины засвар, техник үйлчилгээний сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн түншлэл” удирдагч, ХААИС-ийн дэд захирал, профессор Г.Гантулга;
5. “Уур амьсгалын өөрчлөлт-тогтвортой агро экосистем” удирдагч, ХААИС-ийн Дархан-уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн профессор Ж.Мижиддорж;
Уг төслүүдээр дамжуулан үйлдвэрлэлд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой шийдвэрлэх, их сургууль үйлдвэрлэлийн сайн түншлэл бүрдэж улмаар инновацийн үйл ажиллагаа эрчимжих боломж бий болох юм.