ХААИС-д Нүүдлийн Соёл Судлалын Төв байгуулагдлаа
ХААИС-ийн ХААШУЗ-ийн харьяанд үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээнд нүүдлийн соёл иргэншил, уламжлалыг судлан сурталчилах зорилготой Нүүдлийн Соёл Судлалын Төв байгуулагдлаа.
Даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлж, амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед Хүн төрөлхтөний оршихуйд юу хэрэгтэй байсныг, юу хэрэгтэй болохыг, чинагш хэрхэхийг Монгол нүүдэлчдийн соёл, суртахуунаас суралцаж болох бөгөөд үүний учир үндэсний язгуур соёлоо сурвалжлан судлах нь монголчуудын хүн төрөлхтөний өмнө хүлээж буй нэгэн том үүрэг даалгавар гэж үзэж болно.
Дэлхийн монгол судлалыг хөхиүлэн дэмжиж гадаад болон дотоодын хэл, соёлын байгууллагуудтай бүх талаар хамтран ажиллаж Монголын нүүдлийн соёлыг хүртээмжтэй, үр өгөөжтэй, ашигтай бүтээл болгох нийгэм хүмүүнлэгийн ухааны тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох нь Нүүдлийн соёл судлалын төвийн эрхэм зорилго болно.
ХААИС-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжин тусалж тус Их сургуулийн сургалт судалгааны тэргүүлэх чиглэл, монгол соёл оршихуйн тулгуур багана, монгол иргэншлийн суурь дэвсгэр болсон мал аж ахуй, газар тариалангийн болон монгол судлалын шинэ чиг хандлага бүхий судалгаа хийх, хамтын ажиллагаатай гадаадын Их дээд сургуулийн оюутан судлаачдад хэл соёлоо сурталчилан, зааж сургах нь Нүүдлийн соёл судлалын төвийн үндсэн зорилт болно.
Нүүдлийн Соёл Судлалын төв нь мал аж ахуй, газар тариалангийн соёл, байгаль хамгаалах, газар орноо танин мэдэх уламжлалт мэдлэг, ардын сурган хүмүүжүүлэх зүй, ардын билиг судлал, шилжилтийн үеийн Монголын нийгэм, эдийн засаг зэрэг уламжлалт болон орчин үеийн шинэ чиг хандлага бүхий сэдвээр олон улсын хамтарсан болон үндэсний хэмжээний онол практикийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон улсын, бүс нутгийн, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, англи, монгол хэлээр сэтгүүл эрхлэн гаргах, судалгааны ажлын үр дүнгээр ном, бүтээл хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулна.