Уур амьсгалын өөрчлөлт ХАА-н салбарт хэрхэн нөлөөлж буй талаар судлаачид хэлэлцэв

Нийтлэгч : .
Огноо: 2016-10-20 18:14:49

Уур амьсгалын өөрчлөлт ХАА-н салбарт хэрхэн нөлөөлж буй талаар судлаачид хэлэлцэв

ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхим, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2016.10.20/ зохион байгууллаа.

 Жил бүрийн 10 дугаар сарын 16-ыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээрх өдрийг тохиолдуулан хүнсний ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ирсэн бол энэ жил холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулан уур амьсгалын өөрчлөлт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа болон түүнд дасан зохицох, хохирол багатайгаар даван туулах арга замын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ХАА-н салбар дахь сөрөг нөлөөг бууруулах нь зөвхөн нэг сургууль болон эрдэмтдийн шийдэх асуудал биш. Суурь шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн үр ашиг гэх мэт тал бүрийн судалгаанд суурилсан төрийн тогтвортой зөв бодлого чухал гэдгийг МААБТС-ийн захирал О.Баатарцогт хэлсэн үгэндээ онцолсон.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Манай хамт олон ХАА-н салбарт тулгамдсан асуудлаар олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүнээс гарсан үр дүн, зөвлөмжийг зохих төрийн байгууллагад хүргүүлсээр ирсэн. Үүний үр дүнд шийдэгдсэн цөөнгүй ажил бий” гэв.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Кевин Д.Галлагхер хэлэхдээ, “Хүн төрөлхтөнд хүнсийг бий болгох, ургуулах нь томоохон бэрхшээл байсан бол өдгөө уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, дасан зохицох технологийг нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна” гэсэн юм.

Хуралд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Кевин Д.Галлагхер, Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан, ХААИС-ийн Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, МААБТС-ийн захирал О.Баатарцогт болон хүрээлэн, сургуулийн эрдэмтэн судлаач, багш, оюутнууд оролцлоо.