Монгол Улсын төрийн соёрхолт, доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 насны ойг тэмдэглэв

Нийтлэгч : .
Огноо: 2016-10-21 15:13:17

Монгол Улсын төрийн соёрхолт, доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 насны ойг тэмдэглэв

Монгол Улсын төрийн соёрхолт, мал эмнэлгийн ухааны доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 насны ой өнөөдөр тохиож байна. Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн хамт олон санаачлан,  төрөлх сургуулийнх нь эрдэмтэн багш, шавь, үр хүүхдүүд нь эрдэмтний зуун насны ойг бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн хүрээнд Б.Яримпил багшийн амьдрал, бүтээлийг багтаасан “ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭД” номын нээлт болж, ХААИС-ийн Захиралын зөвлөлийг шийдвэрээр Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийг Монгол Улсын төрийн соёрхолт, мал эмнэлгийн ухааны доктор, профессор Б.Яримпилын нэрэмжит болгохоор шийдвэрлэсэнийг танилцууллаа.

Цаашид “ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭД” номыг цувралаар хэвлүүлэх бөгөөд ХААИС-д дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх, салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчид-ахмад эрдэмтэн багш нарын амьдрал, бүтээлийг залуу үедээ таниулах зорилготой юм.

Энэ үеэр ХААИС-ийн удирдлага, үе үеийн ахмад багш нарын төлөөлөл ирж, номын болон эрдэмтний нэрэмжит тэнхимийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн МУИС, АШУҮИС, ХААИС-ийн эрдэмтэн судлаачид оролцсон эрдэм шинжилгээний бага хурал болж, Монгол орны адууны ям өвчний судалгааны тойм болон адууны удмын санг хамгаалах, үржүүлэх зэрэг чиглэлээр 12 илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсын төрийн соёрхолт, мал эмнэлгийн ухааны доктор, профессор Б.Яримпил нь МУИС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг төдийгүй, ХААИС-ийн тулгын чулууг тавилцаж, анхны сургалт эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байсан шилдэг менежер, эрдэмтэн судлаач, сурган хүмүүжүүлэгч байсныг үе үеийн шавь нар нь дурсан ярьж байлаа.

Мөн Монгол оронд дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх, мал, амьтны халдварт өвчний асуудлыг зангидан улсын хэмжээний бодлого болон тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэн, Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийг улс орны их, дээд сургуулийн тевшинд хүртэл хөгжүүлэхэд өөрийн амьдралын 50 гаруй жилийг зориулсан эрдэмтэн юм.