“Эгэлгүй сэтгэгч, эрдэмтэн их багш”-ийн 60 насны ой тохиов

Нийтлэгч : .
Огноо: 2016-10-24 11:37:49

“Эгэлгүй сэтгэгч, эрдэмтэн их багш”-ийн 60 насны ой тохиов

Шинжлэх ухааны доктор, профессор, нэрт сурган хүмүүжүүлэгч Санжаагийн Ганбаатарын 60 насны ойд зориулсан  “Эгэлгүй сэтгэгч, эрдэмтэн их багш” дурсамж, эрдмийн чуулган /2016.10.21/ боллоо.

Ойн арга хэмжээнд эрдэмтэнтэй мөр зэрэгцэн ажиллаж ирсэн багш, найз, нөхөд, үе үеийн хамт олон, шавь нар нь оролцож, дурсамж сэтгэгдлээ хуваалцан, бүтээлийнх нь үзэсгэлэнг дэлгэсэн юм. С.Ганбаатар нь Узбекстан улсын Ташкентийн ХААДС-ийг агрономч, селекц мэргэжлээр төгсөн тухайн үеийн ХААЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байгаад 1980 оноос ХААИС-д багшилж, олон мянган шавь нарыг эрдмийн замд хөтөлжээ.

Тэрээр нэрт судлаач, сурган хүмүүжүүлэгч төдийгүй авьяаслаг уран бүтээлч байсныг нь үе үеийн найз нөхөд нь дурсан зохион бүтээлээс нь уншиж танилцуулсан юм. ХАА-н салбарын хөгжилд бүхий л амьдралаа зориулсан шиг уран бүтээлдээ  ч салбарынхаа үнэ цэнийг мөнхлөн үлдээсэн эрдэмтэн билээ.

 Өнгөрсөн хугацаанд 15 ном, сурах бичиг хэвлүүлж, 13 доктор удирдан хамгаалуулсаны зэрэгцээ “Монголын хөдөөг шинэчилэх фермерүүдийн холбоо”-ТББ-ын захиралаар ажиллаж,  “Монгол төмс” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гээд хийж бүтээсэн үйл хэрэг, уран бүтээлийнх нь талаар гэр бүл, анд найз, хамтран зүтгэгч, шавь нарынх нь дурсамж, сэтгэгдлийг эмхэтгэн олны хүртээл болгожээ.

Тэрээр, “Миний муусайн найз нар буюу ХААДС-ийн нэдэн багш нар” шүлэгтээ:

Шар байр, цагаан байрыг дамжин нүүдэллэж

Шавь нь багшаасаа түлхүүрийг нь дамжуулан гардаж

Шаштир түүхийг нь залгуулан бичилцэж

Шан горьдохгүй албанд зүтгэлцэж ирсэн юмаа

Энэ хэдэн багш нар

Нийтийн дайчилгаа, ургацын талбай

Нэгдлийн суурь, малын бэлчээр

Нийгмийн хэв журам сахиулах гучин хоёр дугаар төв

Нээрэн энэ бүгдэд хүртэлцэж ирсэн юмаа

Энэ хэдэн багш нар

Намар намрын наран дор саарал ордондоо чичирч

Наашаа Туулын гүүрээр хөврөх их жагсаалыг тосож

Хавар хаврын салхин дор

Зайсангийнхаа нөмөрт торойж

Хайрын сүүгээ цацлан амьдралын харгуйд мордуулсан

Өчигдөр, өнөөдөр, маргааш гурвыг тэгнэн

Өөр дээгүүрээ амьдралын буухиаг улбаалуулан

Өсгийний товшоонд нуруугаа хотолзуулан баталзавч

Өмнөх цаасныхаа нурууг л чилээж суудаг юмаа

Энэ хэдэн багш нар

Тэнгэрийн заадас арилтал ном шагайж

Тэгш дөрвөлжин нүхээр гэрэл цацраан бэлчээж

Тиймээ, энэ багш нар эрдмийг өөртөө ширээдэг юм

Тэндээсээ бусдад түгээх гэж яардаг юм.

Хөлсөнд нь “багш аа” гэж дуудуулахдаа

Хөлсөж, хөөрч явдаг юмаа

Энэ хэдэн багш нар .... хэмээсэн бол,

 Хүрэл зүрх минь хайлсан

Хүмүүний амьдралын гашууныг мэдэрсэн тэр мөчөөс хойш

Усны шувууд хэдэнтээ буцаж

Уулын цас хэдэнтээ хайлжээ

Санжаагийн Ганбаатар сайн явлаа гээд

Сайд болохгүй, сансарт нисэхгүй ээ

Саар явлаа гэж салхинд хийсэхгүй ээ хэмээн бичсэн судлаач, сурган хүмүүжүүлэгч, найрагчийн нэгэн жарны ойг нөхөд нь тэмдэглэлээ.