Оюутны санаачилсан “ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ” төсөл үр дүнгээ танилцуулав

Нийтлэгч : .
Огноо: 2016-10-24 14:57:48

Оюутны санаачилсан “ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ” төсөл үр дүнгээ танилцуулав

ХААИС-ийн ЭЗБС-ийн Нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхимийн оюутан З.Наранзулын “ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн хүрээнд санаачилан хэрэгжүүлсэн “ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ” төслийн үр дүнтэй сургуулийн удирдлага танилцлаа. Тэрээр багийн гишүүдийнхээ хамт сургуулийнхаа урд сүүдрэвч барьж, оюутнуудын суралцах таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.

Төслийн гүйцэтгэлийн нээлтийн үеэр ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга Б.Буянзаяа хэлсэн үгэндээ, “Сургууль маань өдрөөс өдөрт өнгө нэмсээр байгаа. Оюутнууд өөрсдөө санаачилан  сургуулийнхаа орчныг тохижуулахад хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Төслийг санаачилан, хамтран хэрэгжүүлсэн оюутнууддаа талархаж байна” гэлээ.

Төслийг ННБШ-ийн тэнхимийн багш Б.Нямдаваа удирдаж, НББ-ийн 4-р ангийн оюутан З.Наранзул, Б.Баярмагнай, Б.Ганжолоо, Ц.Цэрэнханд нар хамтран гүйцэтгэжээ. Мөн сургууль, тэнхимийн зүгээс тусалж, дэмжин хувь нэмрээ оруулсан олон хүнд талархаж буйгаа оюутнууд хэлж байлаа.

БСШУСЯ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан “ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ” хэрэгжиж байгаа билээ. Дээрх төслөөс ХААИС-ийн оюутнуудын санаачилсан 11 төсөл шалгарч санхүүжилт авсан бөгөөд эхнээсээ үр дүнд хүрч, хийсэн бүтээлээ ийнхүү танилцуулж байна.