“Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүдийн уулзалт зохион байгуулагдлаа
Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академиас эрхлэн 10 дахь жилдаа гаргаж буй “Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүд болон харъяа эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын уулзалт семинарыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХАА-н Шинжлэх ухааны зөвлөлийн ажлын албанаас санаачлан зохион байгууллаа.
Тус уулзалт, семинарт доктор Б.Баярмаагийн “Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүлд хэвлүүлж буй эрдэм шинжилгээний өгүүлэлд хийсэн чанарын судалгааны дүн”, доктор Т.Алтанзаяагийн “Эрдэм шинжилгээний сэтгүүлд тавигдах нийтлэг шаардлага”, доктор П.Мягмарсүрэнгийн “Туршилтын төлөвлөлт, үр дүнгийн боловсруулалт, дүн шинжилгээ”, доктор Б.Болдбаатарын “Олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх нь”, доктор Д.Дэлгэржаргалын “Судлаачийн ёс зүй ба плагаризм, эшлэл авах нь” сэдэвт мэдээллүүдийг сонсож, санал бодлоо солилцов.
Оролцогсод хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд нийтлэг тулгараад буй эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанар, дотоод, гадаад нэр хүнд, рейтингийг өсгөх, судлаачийн ёс зүй зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой уулзалт семинар болсныг тэмдэглээд цаашид харъяа эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүний сургуулиудийн хүрээнд дээрх асуудлаар сэдэвчилсэн семинарыг үе шаттайгаар зохион байгуулах нь зүйтэйг онцлон тэмдэглэв.