Румын улсын Элчин сайд Дору Костий ХААИС-д зочлов
Румын улсын Элчин сайд Дору Костий өнөөдөр /2016.11.15/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа.
Тэрбээр найрсагаар хүлээн авч буй сургуулийн удирдлагад талархал илэрхийлээд, “Манай улсын Ерөнхий сайд Европын холбооны ХАА-н салбарын гишүүн. Мөн Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй. Тиймээс Монгол улсад хоёр удаа айлчилж байсан. Өнгөрсөн 10 дугаар сард Румын болон Монгол улсын Засгийн газар хооронд Соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Тус хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд Румын улсын ХАА-н чиглэлээр сургалт явуулдаг хоёр их сургууль, Монгол улсын ХААИС-тай хамтран ажиллах хүсэлтээ уламжилсан” гэв. Харин ХАА-н аль чиглэлээр хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар тэрбээр асуусан юм.
Мөн жил бүр тус улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагддаг бөгөөд оюутан судлаачдаа хамруулах бүрэн боломжтой гэлээ.
ХААИС-ийн Нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун сургуулиа танилцуулаад сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Мөн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа багш, оюутан солилцон сургах, үйлдвэрлэлийн урт, богино хугацааны дадлага хийлгэх гэх мэтээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Эхлээд тус хоёр сургууль ямар чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг судлаад хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.