“Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-11-15 18:19:59

“Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо 

            Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөл, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран “Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ, онол парктикийн бага хурлыг 11-р сарын 15-нд гурав дахь жилдээ зохион байгууллаа.

            Тус эрдэм шинжилгээний бага хуралд ХАА-н шинжлэх ухааны салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, технологи дамжуулалт, сайн туршлага зэрэг асуудлыг хөндсөн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг хангасан 9 судлаач илтгэл хэлэлцүүллээ.

Шүүгчдийн дүнгээр, Нэгдүгээр байрт Мал эмнэлгийн сургуулийн багш Д.Дэлгэрмөрөн,  хоёрдугаар байрт Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Х.Нямгэрэл нар тус тус шалгарлаа.

“Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал нь англи хэлээр зохион байгуулагддагаараа онцлог юм.

ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлөөс 2013 онд зохион байгуулсан “Хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” мөн Мал эмнэлгийн хүрээлэнгээс залуу судлаачдын санаачилгаар зохион байгуулсан “Шинэ үе-2013” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нэгтгэн өргөжүүлж, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдийн 40 хүртэлх насны багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлыг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон билээ. 

            Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын зорилго нь тэргүүлэх судалгааны их сургууль болох зорилгынхоо хүрээнд ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгийн залуу багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулах, эрчимжүүлэх, эрдэм судлалын ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд залуу үеийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй юм.