Эрхэм хүндэт эрдмийн хамт олон, эрдэмтэн багш, профессор, хүндэт зочид оо, оюутан залуучууд аа, Та бүхэнд шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж, энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
Эрхэм хүндэт оюутнууд аа, шинээр элсэж буй дүү нар аа Хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээг хангаж байдаг Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн болохоор сэтгэл шулуудсан Та бүхний сонголтонд үнэхээр талархаж байна.
Бид, манай сургуулийн эрдмийн хамт олон Таны ирээдүйн зорилгыг биелүүлэхэд бүхий л талаар дэмжин тусалж, чин сэтгэлээсээ ажиллана.
Энэхүү амлалт миний хувьд эрдэмтэн багш, профессоруудынхаа өмнөөс амлаж буй хамгийн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй амлалт байх болно.
Оюутнууд аа, Сонголтоо бататган, зорилгодоо хүрэхийн тулд өндөр хариуцлагатай суралцаарай.
Ингээд 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.
Манай хамт олон өнгөрсөн хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, нийгэм эдийн засгийн чиглэлээр багагүй үр дүнд хүрсэн.
Сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр
- Бакалавар, магистр, докторын бүх сургалтуудыг шинэчилсэн хөтөлбөрөөр зохион байгууллаа.
- Элсэлтийн, төгсөлтийн, эчнээ, шилжилт хөдөлгөөний гэх мэт найман журмыг шинэчлэн боловсруулж, нэгтгэснээр оюутнууд маань зөвхөн нэг эрх зүйн баримт бичиг мөрдөх боломж бүрдлээ.
- Оюутан бүр хичээл болон багшаа өөрсдөө сонгох чөлөөт сонголтын системд суурилсан программыг нэвтрүүллээ. Оюутан хичээл заах багшаа өөрөө сонгосноор хамтарсан судалгаа хийх, төгсөлтийн ажлаа удирдуулах гэх мэтээр багш, оюутны харилцаа нягтарч, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
- Сургалтын богино улирлын системд шилжсэнээр профессор багш нарын эрдэм шинжилгээний ажил хийх, өөрсдийгөө хөгжүүлэх нөхцөл бүрдэж өнгөрсөн хичээлийн жилд нийт 24 багш докторын зэргээ хамгаалснаар. эрдмийн зэрэгтэй багш нарын эзлэх хувь 50-д хүрлээ.
- Судалгааны ажлын үр дүн, мэдлэгийг баялаг болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд талаар
- Манай салбарын эрдэмтэн, судлаачдын олон жилийн туршилт судалгааны үр дүнд бий болж, үйлдвэрлэлийн нөхцөлд туршигдсан 300 гаруй инновацийн бүтээгдэхүүнийг эмхтгэн, нийтийн хүртээл болгов.
- Мэдлэг шингэсэн өндөр технологийн үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээ эрхлэх гарааны 10 компани шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
- Япон Улсын ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт төслийн хүрээнд Амьтны физиологи, биохимийн, Нөхөн үржихүйн биотехнологийн зэрэг 4 лаборатори, Агроэкологийн сургуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар Бэлчээрийн судалгааны лаборатори, Газар ашиглалт, төлөвлөлтийн болон газрын үнэлгээ, мониторингийн зэрэг сургалтын лабораториудыг шинээр байгуулагдав
- Профессор багш нарын академик эрх чөлөөг хангахад анхааран ажиллаж, шинээр зургаан профессорын баг байгуулснаар нийт 23 профессорын баг үйл ажиллагаа явуулж байна. Сургууль анх удаа судалгааны төсөл зарлан, санхүүжүүлж, гурван төслийг 210 сая төгрөгийн санхүүжилтээр эхлүүлээд байна.
Гадаад хамтын ажиллагаа
- Өнгөрсөн хичээлийн жилд 10 орны 14 байгууллагатай шинээр гэрээ байгуулснаар 33 орны 167 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна.
- Япон, Герман, БНХАУ зэрэг орны хамтын ажиллагаатай их, дээд сургуульд суралцсан 15 багш докторын зэргээ хамгаалж, сургуульдаа ажиллаж эхэллээ.
- 2016 оны 8 сарын байдлаар 92 багш, судлаач, гадаадын 14 орны их, дээд сургуульд суралцаж байгаагаас магистрантурт 8, докторантурт 80, докторын дараах сургалтанд 4 багш, судлаач хамрагдаж байна.
- ХААИС-ийн 190 оюутан гадаадын 10 орны 29 их, дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаагаас хос хөтөлбөрт 125 оюутан суралцаж, өнгөрсөн хичээлийн жилд 40 оюутан хос зэргийн дипломтой төгслөө.
- ОХУ, Япон, Испани, ХБНГУ, БНХАУ-ын хамтын ажиллагаатай их, дээд сургуулийн 142 оюутан мэргэжлийн дадлага болон танилцах аялалд хамрагдаж, 7 орны 81 оюутан бакалавр, магистр, докторын хөтөлбөрт Та бүхэнтэй мөр зэрэгцэн суралцаж байна.
Оюутан, залуусын сурч, судалгаа хийх орчин
- Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн дэргэд Загас үржүүлгийн лабораторийг 75 сая төгрөгийн өртгөөр байгуулж, энэ сардаа амжиж сургалт, судалгааны ажлаа эхлүүлнэ.
- ИТС-ийн Механик, инженерийн тэнхимийн сургалтын орчныг иж бүрэн засварлаж, 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий сургалт судалгааны лабораторыг хүлээн авахад бэлэн боллоо.
- Шинэ Спорт заалны нээлтийг 10 сарын 1-нд хийхээр төлөвлөж байна.
Ирэх хичээлийн жилд илүү ихийг хамтран бүтээцгээе.
Баярлалаа.
ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга