Эрдэмтэдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

Нийтлэгч : .
Огноо: 2016-09-05 14:37:32

 Эрдэмтэдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй
 

“Монгол Улсын хөгжлийн гарц бол мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх,   чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, шинэ технологийг үйлдвэрүүдэд нэвтрүүлэх” гэсэн гарц, гаргалгааг олон хүнээс сонсож байв. Харин энэ удаа бид “Leaderships Forum”-ын зочноор Монголд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт  чадварлаг мэргэжилтэнгүүдийг бэлтгэдэг ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, доктор Б.Буянзаяаг урьсан юм. Хөгжлийн гарцыг бид хаанаас хайх вэ?

Тиймээ эдийн засгийн өсөлтийг дэмжихдээ хүмүүн капитал, боловсролд хөрөнгө оруулах нь чухал гэдгийг нэрт эрдэмтэн Адам Смит “Үндэсний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ тэртээ 240 жилийн өмнө тодорхойлсон, энэ нь бүх нийтийн боловсролын давуу талт байдлыг онцолсон явдал байв. Миний хувьд хөгжлийн гарцыг эндээс буюу хүний хөгжлөөс хайх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Нөгөө талаар улс орны хөгжил бол зөвхөн эдийн засгийн өсөлт биш ээ гэдгийг өндөр хөгжилтэй улс орнуудын хүний хөгжил, аз жаргалын индекс, байгаль, экологи, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс харж болно. Энэ бүгдийн цаана эдийн засаг, нийгэм, байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангах түвшний хөгжлийн бодлогыг буюу бидний хэлж заншсан тогтвортой, ногоон хөгжлийг бий болгож чадах өндөр боловсролтой боловсон хүчнийг бүх салбарт бэлтгэх нь хөгжлийн гарц байж болох юм. Гэхдээ хөгжил бол туйлийн субъектив чанартай зүйл юм даа.  

 -Юуны өмнө танд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. ХААИС60 гаруй жилийн түүхэн замналтай, манай улсын өмнөө барьдаг ууган сургуулиудын нэг. Шинэ хичээлийн жилээ амжилт бүтээл арвин угтаж байгаа байх. Хэдэн элсэгч, төгсөгчтэй хичээлийн шинэ жилээ угтаж байна. Онцлох мэдээлэл юу байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

Манай сургууль 58 дахь хичээлийн жилдээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараар тогтохгүй байгаль орчин, аялал жуулчлал, инженер, эдийн засаг, газрын харилцааны салбартаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох хүсэл эрмэлзэл дүүрэн 2000 гаруй оюутныг 25 хөтөлбөрөөр элсүүлсэн. Энэ жил бакалаврын түвшинд 8000 гаруй, магистрын түвшинд  2500, докторын түвшинд 900 гаруй суралцагч суралцана. Бид сургалтын хөтөлбөрийн агуулга, технологийн шинэчлэлийг 2014 оноос эхлэн үе шаттайгаар хийж энэ хичээлийн жилд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах дүрэм, журмуудыг мөрдөж эхлэх болно. Онцлох зүйл бол оюутан бүр төгсөлтийн ажил бичих; өөрөөр хэлбэл, хөтөлбөрөөр элсээд 1.5-2.0 жил суралцсаны дараа мэргэжлээ сонгож, сургалт, үйлдвэрлэлийн дадлагаа ажлын байрны шалгуур, шаардлагад нийцүүлэн гүйцэтгэснээр, эцэст нь төгсөлтийн (дипломын) ажил болгож хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хийлээ. Бид энэ төгсөлтийн ажлыг тухайн төгсөгчийн ажлын байр болгох, эрдэмтэн багш нараар баталгаажуулсан төсөл болгохоор зорьж байгаа юм.  Мөн хөдөө аж ахуйн салбарын онцлог, багш, оюутны идэвхтэй сургалт, хөгжлийн бодлоготой уялдуулан 8 долоо хоног бүхий 4 улиралд оюутан хичээл, багшаа чөлөөтэй сонгохоос гадна профессор багш нар аль улиралд хичээл заах, аль улиралд эрдэм шинжилгээ, өөрсдийгөө хөгжүүлэхээ шийдэх боломжийг боломж бүрдүүлсэн цогц системийг хэрэгжүүлж эхэлсэн.Энэ нь 2016-2017 оны хичээлийн жилд тавьсан хичээлийн чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, профессор багшийн академик эрх чөлөөнд тулгуурласан тасралтгүй хөгжлийг хангах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Нэг жишээ дурьдахад өнгөрсөн хичээлийн жилд манай сургуулиас 24 багш докторын зэрэг хамгаалсны тал хувь нь гадаадын их, дээд сургуульд хамгаалсан байдаг.       

-Улс орны хөгжил хүний хөгжлөөс эхтэй гэдэг. Бид боловсролын салбартаа багагүйшинэч­лэлийг хийгээд байна. Дээд боловсролын байгууллагаа дэлхийн жишигт хүргэх гээд бусдаас суралцаж байгаа, туршлагаа солилцож байгаа зүйл ч олон байна. ХААИС-д чанарын шинэч­лэл хэр хийгдэж байна. Шинэ үеийн боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ?

Тиймээ дээд боловсролын чанарын шинэчлэлийг үр дүнтэй болгохын тулд их, дээд сургуулиуд дор бүрнээ л хичээж байгаа байх. Манай сургуулийн хувьд зөвхөн байгууллагаа дэлхийн түвшинд хүргэх зорилго тавиад зогсохгүй Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүргэхийг зорьж байна. Энэ бол миний ярилцлагын эхэнд хэлсэн хөгжлийн гарцыг хүний хөгжлөөс, цаашилбал; тухайн улсын, тухайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнээс хайх санааг хэрэгжүүлэх зорилт юм.  Чанарын шинэчлэлийг бид мэргэжлийн хөтөлбөрийн шинэчлэлээр эхэлж, хөтөлбөрт оролцогч талууд буюу ажил олгогч, төгсөгч, салбарын яамд, оюутан, профессор багш нарын хамтын оролцоотойгоор тухайн мэргэжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт, оюутанд олгох мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлсон. Энэ хүрээнд ХХААХҮЯ-тай хамтарсан 3-4 удаагийн, БОНХЯ-тай хамтарсан 2-3 удаагийн, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар зэрэг мэргэжлийн болон төрийн захиргааны дээд байгууллагуудад түшиглэсэн олон удаагийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж холбогдох санал, зөвлөмжийг хөтөлбөрийн агуулга, арга зүйд тусгасан байгаа. Мөн мэргэжлийн хөтөлбөр бүрийг хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуулиудын 5-аас доошгүй хөтөлбөртэй харьцуулан үзэхийн зэрэгцээ оюутнуудад суралцах хугацаандаа ажлын байранд байнга тавигддаг дадлага, туршлагыг эзэмшүүлэх зорилго бүхий дадлагуудыг хийлгэхээр сургалтын хөтөлбөрт оруулсан. Одоо манай сургалтын хөтөлбөрүүдийн 30-аас доошгүй хувь нь дадлага, туршилтад суурилсан сургалтын технологиор явагдаж эхлээд байна.

 -Манай дээд боловсролын системийг  хоцрогдсон, гажуудсан гэж шүүмжилж байсан цаг саяхан. Харин одоо бага, дунд, их, дээд гэлтгүй бүх л сургууль   бүтэц зохион байгуулалт, агуулга, арга зүй, сургалтын чанараа шинэчилж, сайжруулах гээд хичээж ажиллаж байна. Багш нар маань багагүй судалгаа шинжилгээ хийдэг боллоо.  Баялагийг өөрсдөө бүтээх гээд хичээж байна. Танай сургуулийн сургалтын шинэ арга технологийг сонирхъё гэвэл та ямар мэдээлэл дуулгах вэ?

Монголын бүх их, дээд сургуулиуд даяаршлын давалгаанд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр чармайж байна. Харин манай сургуулийн хувьд Судалгааны нээлттэй их сургууль болох зорилгын хүрээнд профессор багш нар зөвхөн стандарт мэдлэг олгохоос гадна судалгааныхаа үр дүнг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан суралцагчдад тасралтгүй хүргэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ нь суралцагчдад судлагааны болон суралцах арга зүйг зэрэг олгож эрдэм шинжилгээ, сургалтын үр дүнг хамтад нь ахиулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Ингэснээр манай сургуулийн суралцагч бүрийг судлаач, бүтээлч болгох, мөн профессор багш нар мэдлэгийн менежер байх зорилтууд ч үе шаттайгаар хэрэгжиж эхэлнэ.   Дашрамд дурдахад Хөдөө аж ахуйн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Нидерландын Вант улсын Вахенингений их сургуультай бид хамтран ажиллаж, туршлага судлан нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Вахенингений их сургуулийн жилийн нийт орлогын 90 хувийг эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлчилгээнээс, үлдэх хэсгийг сургалтын төлбөрөөс олдог. Эндээс өнөөдрийн манай улсын их сургуулиудын сургалт давамгайлсан хэлбэрээс эрс өөр санхүүжилтийн бүтэц, үйл ажиллагаа байгааг харж болох юм.

-Дэлхий нийтээс хоцрохгүйн тулд бид бусдаас суралцах нь зүй ёсны хэрэг байх. Манай их, дээд сургуулиуд  өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн CDIO-ийн сургалтын аргыг нэвтрүүлэх ажлыг  эхлүүлээд байгаа.  Хувь хүнд цогц чадамж олгох сургалтын шинэ  арга барил гэж нэрлээд байгаа энэ арга зүйг танай сургууль хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ.

Бид CDIO хэмээх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын системийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь хэдийгээр инженерийн боловсрол олгох, үр дүнд суурилсан сургалтын систем боловч өнөөдрийн манай дээд боловсролд тулгамдаад байгаа хэт академик сургалтаас прагматик сургалт руу шилжих маш том гүүр гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл, мэддэг биш, чаддаг мэргэжилтэнүүдийг нийгэм, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд CDIO системийн ач холбогдол орших юм. Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд CDIO сургалтын системийг МУИС, ШУТИС-тай хамтран маш өргөн хүрээг хамарсан цуврал сургалтуудыг зохион байгуулсан. Үүний үр дүнд ХААИС-ийн нийт багш нарт “Суралцахуйд сургах нь” сэдвийн дор сургалт семинар зохион байгуулсан. Энэ хичээлийн жилд манай Инженер, технологийн сургуулийн мэргэшсэн сургагч багш нар CDIO системийн заах арга зүйн талаар цуврал сургалтуудаа их сургуулийн түвшинд үргэлжлүүлэн зохион байгуулна.

- CDIO систем буюу сургалтын шинэ арга зүй гэж нэрлээд байгаа энэ аргачлалыг  хэн хүн ойлгоход  бас  түвэгтэй юм байна лээ. Харин таныг яг энэ чиглэлээр гадны улс оронд  боловсролын зэрэг хамгаалаад  ирсэн гэж сонссон. Та үүнийг өөрийнхөөрөө,  энгийнээр тайлбарлаад өгөөч. Магадгүй оюутнууд, шинэ залуу багш нар сонирхох байх?

Би “Дээд боловсролын байгууллагын санхүүгийн нөөцийн удирдлага” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Харин CDIO системийн арга зүйн хувьд төслийн шугамаар гадаад, дотоодын сургалтанд хамрагдаж түүнийхээ үр дүнгээр зарим багш нартайгаа хамтарч их сургуулийн түвшний сургалтуудыг зохион байгуулсан байгаа. Энгийн үгээр тайлбарлахад аливаа зүйлийг хийхдээ системтэй бодож үр дүн гаргах процесс гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл; CDIO нь оюутнуудад хийх гэж байгаа зүйлийг нь төсөөлөх (Conceive),  загварчлах (Design), хэрэгжүүлэх буюу туршиж үзэх (Implement), эцэст нь  үйлдвэрлэлд нэвтрүүлэх (Operate) гэсэн дарааллыг баримтлан ажиллах арга зүйд сургах сургалтын стандарт юм.Жишээ нь бид амьдрал дээр байшин барихдаа ямар хэлбэртэй байшин барихаа төсөөлдөг, дараа нь түүнийхээ зураг, төслийг гаргадаг, дараа нь зураг төслийнхөө дагуу барилгын материал, хэрэгслийг авч угсардаг, эцэст нь барилгаа барьдаг шүү дээ. Энэ дарааллыг CDIO-ийн сургалтын арга зүй гол зарчмаа болгосон байдаг.

- Монгол улсын хөгжлийн гарцыг хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбараас ангид авч үзэж болохгүй байх. Яагаад гэвэл, ХАА-н салбар бол дотоодын нийт бүтээгдэхүүний багагүй хувийг бүрдүүлж байдаг.  Тиймээс энэ салбарт хөгжлийг түүчээлэх, баялагийг бүтээх, шинийг сэдэж санаачлах, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх тэр  чадварлаг мэргэжилтэнг бэлтгэхийн тулд ХААИС ямар ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлж байна вэ?

Хөдөө аж ахуй бол газрын хөрсний нөөцөд суурилсан салбар байхад уул уурхай нь газрын хэвлийн нөөцөд суурилсан салбар, харин аялал жуулчлал нь үзэсгэлэнт байгаль, хүн төрөлхтөний амьдралын өвөрмөц соёл, хөгжил дэвшилд суурилсан салбар байдаг.Эндээс үзэхэд аялал жуулчлалын салбарт нөөцийн хязгаарлалтын асуудал тун бага, харин хөдөө аж ахуйд хөрсний үржил шим нь мал аж ахуй, газар тариалангийн салбараа байнга тэтгэж байдгаараа нөхөн сэргээгдэх нөөцийн эх үүсвэрт ордог. Харин газрын хэвлийн нөөц дахин сэргээгдэх боломжгүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэгэхлээр бид цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт илүү их стратегийн ач холбогдол өгөх хэрэгтэй. Манай сургуулийн хувьд хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүний нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд төгсөгчдийнхөө мэдлэг, ур чадвар, хандлагыг тасралтгүй дээшлүүлэх ажлыг сургалтын хөтөлбөрийн агуулгаар дамжуулан хэрэгжүүлж байна.Дэлхий дээр тулгамдаж байгаа хүнсний хангамж, аюулгүй байдал, экологийн тэнцвэрийг хангах зэрэг нь судлаачид, профессор багш нар, цаашлаад ирээдүйн төгсөгчдийн маань өмнө шийдэх үндсэн асуудал юм. Иймд бид зөвхөн өнөөдрөө биш ирээдүйгээ харсан сургалтын агуулга, арга зүй, судалгааны орчинг бүрдүүлэн ажиллаж байна.Суралцагчдыг сонсож, харж сурахаас илүү судалж, туршиж, дадлагажиж сурах боломжийг бүрдүүлэх зорилгоор сургалт, судалгааны лабораторийн орчинд эрс шинэчлэл хийсэн. Зөвхөн нэг жишээ татахад; БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Хангёны Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих нь” төслийн хүрээнд Махны хяналт, үнэлгээ, Сүү судлал, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл ахуй, Амьтны биотехнологи зэрэг 1.3 тэрбум төгрөгийн лабораториудыг байгуулаад сургалт, судалгааны ажилдаа ашиглаж байна.

-Танай сургууль багшлах боловсон хүчин сайтай. Гадна дотны олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Багш нар нь судалгааны тэтгэлэгээр дээгүүрт жагсдаг. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээний ажилд гаршсан бүтээлч хамт олонтой сургууль.  ХАА-н салбар, тэр дундаа мал аж ахуй, газар тариалангийн салбарт үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн, шинжилгээ судалгааг өргөжүүлсэн, өгөөжөө өгсөн олон ажил байгаа байх. Онцлоод дурдаач гэвэл? 

Тиймээ, үнэхээр Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг өнөөдрийн түвшинд хүргэхэд үе, үеийн эрдэмтэн судлаачдын оруулсан хувь нэмрийг тоочоод баршгүй. Тухайлбал; Мал аж ахуйн салбарт Говь гурван сайхан, Алтайн улаан, Баяндэлгэрийн улаан зэрэг 7 үүлдэр, омгийн ямаа, Тамир, Торгууд, Буриад, Дархад, Үзэмчин гэх мэт 8 үүлдрийн хонь, Сэлэнгэ,  Дорнод талын махны үүлдрийн үхэр, Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан үүлдрийн тэмээ гэх мэт шилмэл үүлдэр, омгийн мал сүргийг манай сургуулийн эрдэмтэд нээж баталгаажуулсан байдаг. Мөн Сүү орлох тэжээл, Эдсийн баяжмал долооц зэрэг таван хошуу малын тэжээл, мал эмнэлгийн бүтээгдэхүүнээс гадна гахай, тахиа, зөгий зэрэг туслах аж ахуйд зориулсан инновацийн бүтээгдэхүүнийг гаргасаар байгаа.   Газар тариалангийн салбарт зусах зөөлөн буудайн “Дархан 72, 74, 131, 144, 160, 181” сортууд болон царгасны “Бургалтай”, Алтайн сонгины тарималшсан “Хэрлэнбаян-улаан” сорт зэрэг таримал ургамлын 80 гаруй сортыг нээж нутагшуулахын зэрэгцээ ургамал, хөрс хамгааллын чиглэлээр био бордоо, бэлдмэлүүдийг нээн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.Мөн хөдөө аж ахуйн техник, технологи, тоног төхөөрөмжийг сайжруулахад манай эрдэмтэдийн оролцоо багагүй байдгийн тод жишээ нь Бионүүрсний түлш, Хүнсний ногооны үрлүүр, Малын тэжээл бутлах, шахах төхөөрөмж гэх мэтийг нэрлэвэл нэлээд урт жагсаалт болно.Бидний бахархал болсон эрдэмтэдийн бүтээл Монголын эдийн засгийн чадавхид ихээхэн хувь нэмэр оруулаад зогсохгүй цаашид био-эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр шинэ шинэ бүтээл, судалгааны нээлтүүдийг дэлгэрүүлэх талаар анхаарч ажиллаж байна.  

- ХААИС-ийн гадаад харилцаа нэлээд өргөжсөн байх. Гадаадын 70 гаруй их сургуультай хамтын ажиллагаатай гэж сонссон. Энэ талаар мэдээлэл дуулгаач?

Манай сургууль 33 орны 167 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа нь сургалт, багшийн хөгжил, оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх зэрэг олон чиглэлтэй. 2016 оны байдлаар 92 багш, судлаач, гадаадын 14 орны их, дээд сургуульд суралцаж байгаагаас магистрантурт 8,  докторантурт 80, докторын дараах сургалтанд 4 багш, судлаач хамрагдаад байна. Мөн 190 оюутан гадаадын 10 орны 29 их, дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаагаас хос хөтөлбөрт125 оюутан суралцаж, өнгөрсөн хичээлийн жилд 40оюутан хос зэргийн дипломтой төгслөө.  ОХУ, Япон, Испани, ХБНГУ, БНХАУ-ын хамтын ажиллагаатай их, дээд сургуулийн 142 оюутан мэргэжлийн дадлага болон танилцах аялалд хамрагдаж, 7 орны 81 оюутан бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцаж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд хөгжлийн гарцыг тодорхойлох  хэдэн оновчтой санаа хэлээч. Таны бодлоор бид яавал хөгжих вэ. ХАА-н салбараас үнэхээр мэдлэгийг баялаг болгодог, дэлхийд бүтээгдэхүүнээ гаргаж өрсөлдөж чаддаг, улс орны хөгжлийг түүчээлэх чадварлаг мэргэжилтнүүд төрөх үү?.

Би ярилцлагын эхэнд хөгжлийн гарц бол хүний хөгжил гэсэн санааг хэлж байсан. Мэдлэгийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон хүний нөөцийн зөв хуваарилалт Монголд дутагдаж байна. Юуны өмнө монгол эрдэмтэдийн гаргасан шинэ технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Эрдэмтэдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулсанаар шинжлэх ухааны салбарт үүсээд байгаа хуримтлалыг хөрөнгө оруулалт болгох боломж бүрдэх болно.Манай сургуулийн шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үр дүн 2018 оноос гарч эхэлнэ гэж бид тооцоолж байгаа. Учир нь өнөөдрийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд маань ирээдүйд хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, эдийн засаг, инженер, газрын харилцаанд үүсэх нөхцөл, хөгжлийн чиг хандлагыг судалж, түүнд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагыг олгохоор сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгасан байгаа. Бид хөтөлбөрийн агуулгад нийцсэн сургалтын арга зүй, сургах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ, суралцагч бүрийг судлаач, бүтээлч болгох чин эрмэлзлэлээр дүүрэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа тул улс орныхоо хөгжлийг түүчээлэх чадварлаг мэргэжилтнүүд төрнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

Сэтгүүлч Б.Энхтуул

Цаг, зав гарган ярилцсан танд баярлалаа.