“Америкийн кино өдөрлөг” ХААИС-д боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-09-12 15:30:17

Америкийн кино өдөрлөг” ХААИС-д боллоо

Америкийн кино академийн шагналд нэр дэвшигч, найруулагч, хатагтай Сайнди Мклеодын “Цаглашгүй үр” киноны Монгол дахь анхны үзэгчид нь ХААИС-ийн оюутнууд байлаа. Тус кинонд хүн төрөлхтөний хүнсний хангамж, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө цаг хугацааг сөрөн ажиллаж байгаа Кайри Фаулер хэмээх газар тариалан эрхлэгчийн түүхийг өгүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн эрсдэлт үзэгдэл газар тариалан эрхлэгчдийг нэрвэж, буурай хөгжилтэй орны үрийн банк эрсдэлд өртөж буй энэ үед дэлхий нийтэд тулгарч эдгээр асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг, мэдээлэл өгөх, хамтран арга хэмжээ авахыг уриалан дуудсан кино юм. Бид байшин барилга, машинаа эрсдэлээс хамгаалах даатгалын системийг бий болгож чадсан шиг үр тарианыхаа генийн нөөцийг ч эрсдэлээс хамгаалах цаг болсон гэдгийг тус кинонд өгүүлжээ. Энэхүү кино нь олон улсын кино наадмын шагналыг дөрвөн удаа хүртсэн байна. “Цаглашгүй үр” киног үзсэн оюутнууд найруулагч Сайнди Мклеодоос сонирхсон асуултдаа хариулт авлаа.

АНУ-ын Элчин сайдын яам, Монголын урлагийн зөвлөл хамтран Америкийн кино өдөрлөг-ийг Монгол Улсад 2016 оны есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж буй бөгөөд тус арга хэмжээний хүрээнд ХААИС-ийн эрдэмтэн багш болон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдал, экологи, агроэкологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст уг киног үзэх боломж олгосон юм.

Америкийн кино өдөрлөг есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “Тэнгис” кинотеатрт болох бөгөөд нийт таван киног үнэгүй үзүүлэх юм.