“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооноос БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.01.24) зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУСЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа Эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачдын төлөөлөл 160 гаруй хүмүүс оролцов.
Уг хэлэлцүүлгийн хүрээнд Шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, эрдэм шинжилгээ-судалгааны ажлын гол үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар өргөн хүрээтэй, олон талын оролцоотой хэлэлцэж, цаашид төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцсон юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга, академич Т.Ган-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн бол Монголын их, дээд сургуулиудыг төлөөлж МИДСК-ын Ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, ХАА-н ШУА, ХААИС, харьяа хүрээлэнгийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлаар ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Т.Гантулга нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ, “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах, төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Юуны өмнө УИХ-ын түвшинд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах шаардлага байна. Бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх, дутагдалтай байгаа зүйлсийг анхаарах мөн шинжлэх ухааны салбарын тогтолцооны асуудлыг эргэж харах нь зүйтэй. Академийн эрх зүйн байдлын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хууль байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн тогтолцоо ярвигтай болсон. Салбарын хууль нь муу биш ч гагцхүү хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьж байна. Тиймээс Улсын Их Хурал дээрх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд Засгийн газрыг шахаж ажиллах шаардлага бий. Мөн энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач та бүхний оролцоо чухал” хэмээв.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн олон эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтад шинэ хандлага бий болгох шаардлагатай байгаа”-г онцлоод “Төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг суурь санхүүжилттэй болгох, гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж, санал санаачилгыг дэмжиж, нээлттэй, эрх чөлөөтэй болгох, үйлдвэрлэл, бизнесийн салбарын оролцоог эрс нэмэгдүүлэх, түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудалд тууштай анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээв.
ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Т.Гантулга ХАА-н салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн хэрэгцээ, үр дүн, тулгамдсан асуудлаар тавьсан илтгэлдээ, “Монгол улсын төр засгаас ХАА-г хөгжүүлэх, эх орны хөрсөнд ургуулсан экологийн цэвэр газар тариалангийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд сүүлийн жилүүдэд онцгой анхаарч тодорхой үр дүнд хүрч байна. Гэвч мал аж ахуй, газар тариалангийн хөгжил нь байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай хэвээр бөгөөд тогтвортой хөгжлийн шинжийг олж төлөвшиж чадаагүй мэдлэг, оюуны шингэц багатай, эрчимжилт сул учраас улс орны эдийн засагт гүйцэтгэх үүргээ хараахан бүрэн хангаж чадаагүй байна.
ХААИС судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд судалгааны 28 лаборатори шинээр байгуулж, 300 инновацийн бүтээгдэхүүний танилцуулга гаргасан. Мөн судалгааны төсөл дэмжих сан байгуулж, судлаачдад 100 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Профессорын 24 баг бүрдэж, гарааны 14 компани байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сургууль, харьяа хүрээлэнгийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 110 судалгааны төсөл хэрэгжиж байгаагаас 31 нь орон нутгийн захиалгаар, 42 төсөл олон улсын байгууллага, гадаадын их сургуультай хамтарсан, 37 төсөл ШУТ-ийн сангийн санхүүжилт, Засгийн газрын захиалгаар хэрэгжиж байна. Жил бүр 30 гаруй дэвшилт технологи шинээр баталгаажуулдаг бөгөөд гүйцэтгэсэн судалгааны ажлын 30-40 хувь нь шууд үйлдвэрлэд нэвтэрч улс орны эдийн засагт үр дүнгээ өгч байна” гэв.
Мөн тэрээр салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар дараах саналыг дэвшүүлсэн юм.
- Эрдэм шинжилгээний байгууллагын туршилт үйлдвэрлэлийн талбай, мал, амьтны нөөцийг хуулиар хамгаалах;
- Богино хугацаанд хэрэгжиж эцсийн бодит үр дүн гарах боломжгүй /малын үүлдэр, ургамлын сорт гэх мэт/ судалгааны ажлыг үр дүн гарахуйц хангалттай урт хугацаанд хэрэгжүүлэх боломж, эрх зүйн орчныг бий болгох;
-Оюутны өмчийн тухай хуульд шинээр гаргасан таримал сорт болон нутагшуулсан технологид шинэ бүтээлийн патент олгодог болох өөрчлөлт оруулах;
-Судалгааны үр дүн, оюун өмчийг үнэлгээнд оруулах, урамшууллын тогтолцоо, механикм, хөшүүрэг бий болгож эдийн засгийн эргэлтэд оруулах. Оюуны өмчийн үнэлгээний журам боловсруулж мөрдөх;
-Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх төрөл бүрийн сангуудын үйл ажиллагааг дэмжих зохицуулалтыг холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдэд нэмж тусгах;
-Гарааны компанийн үйлдвэрлэж буй экологийн гаралтай, цэвэр үйлдвэрлэлийн, мэдлэг шингэсэн, өндөр технологийн инновацийн бүтээгдэхүүний борлуулалтад давуу эрх олгох замаар хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ хэлбэр бий болгох;
-Бүс нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэн бүсийн салбар хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэн бэхжүүлэх. Аймаг бүрийг туршилт үйлдвэрлэлийн төвтэй болгон эдгээр төв нь эрдэм шинжилгээний толгойлох болон бүсийн хүрээлэнгийн туршилт, судалгааны бааз байх ба нөгөө талаар судалгааны үр дүнг туршин нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний үүрэг гүйцэтгэдэг тогтолцоог бий болгох;
-Үндэсний эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, судлаачдын багт итгэл үзүүлж салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тусгай даалгавар, хөтөлбөр өгч ажиллуулан байгууллага биш үр дүн санхүүжүүлдэг болж судалгааны ажлын үр шимийг улс орон, хувь судлаач хүртдэг тогтолцоонд шилжин эрх зүйн орчин механизмыг бий болгох;
-Их сургуулиудад бий болсон судалгааны орчны болон хүний нөөцийн асар их нөөцийг зохистой ашиглах механизмыг бүрдүүлэх, салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх тогтолцоог бий болгох;
-Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд аль нэгэн академи, их сургууль, байгууллага, төрийн захиргааны байгууллагад харьяалуулсанаар асуудал шийдэгддэггүй нь нотлогдсон тул уг харилцааг оновчтой зохицуулах арга, мехнизмыг холбогдох хууль эрх зүйн баримт бичигт тусгаж хэрэгжүүлэх;
-Шинжлэх ухааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэх, мэдээлэл, зуулчлал, шинжлэх ухааны маркетинг, зуулчлал, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний хууль эрх зүйн орчинг бий болгох, шинжлэх ухааны соён гэгээрүүлэх шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, хүлээн авах чадамж, соёлыг хэрэглэгчдэд бий болгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга механизмыг бүрдүүлэх шаардлага байгаа зэрэг саналыг хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн, технологи, ноу-хау болон гарааны компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн зохион байгуулагдав.
Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас үүдэн эрдэм шинжилгээ, судалгааны салбар хүнд байдалд орж, эрдэмтэн судлаачдын нийгмийн баталгаа жилээс жилд муудаж байгааг салбарынхан хэлж байв. Иймд УИХ-ын Байнгын хорооноос санаачилга гарган шинжлэх ухааны салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа хэмээн мэдээллээ.
УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд 2017 оны 1 дүгээр сараас эхлэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны технологийн сан болон Шинжлэх ухааны академийн их, бага чуулганы гишүүд, Их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шинжлэх ухааны бодлого салбарын бодлого, эрх зүйн орчин болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэд хэдэн удаа томоохон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм.