ЭМГЭНЭЛ
Алтангадасын Хүчитбаатар /1979-2017/
Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд комүсүби цол хүртэж, арлын Японд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан Монгол түмний төдийгүй сүмо сонирхогчдын хайртай хүү Токитэнкү А.Хүчитбаатар цэл залуу 37 насандаа өвчний улмаас хорвоог орхиж, элэг нэгт Монгол түмэнд хүнд гарз тохиолоо.
Токитэнкү А.Хүчитбаатар 1979 онд Улаанбаатар хотод улсын начин Ж.Алтангадасын хүү болон мэндэлж, 1997 онд нийслэлийн 10 жилийн 36-р сургуулийг төгсөн ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ургамал газар тариалангийн үйлдвэрлэлийн менежментийн ангид элссэн байна. Сургуульдаа амжилттай сайн суралцаж, гуравдугаар курсээсээ хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Японы Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуульд оюутан солилцоогоор суралцахаар мордсон нь сумогийн их спортод гялалзсан амжилт гаргахын эхлэл байсан юм.
Тэрээр Японы Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийг дүүргэн, амжилтанд хөтөлсөн сургуулийнхаа анги танхимыг тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж бэлэглэх зэргээр төрөлх сургууль, эрдэмтэн багш нартайгаа байнга холбоотой байж ирсэн билээ. Мөн Япон улсад гаргасан спортын их амжилтынхаа замаар сургуулийнхаа цөөнгүй оюутан дүү нараа замчлан, ажил, амьдралд хөтөлсөн хамт олонч, тусч нэгэн байлаа.
А.Хүчитбаатар 2002 онд мэргэжлийн сумогийн “Токицүказэ” дэвжээний бөх болсон бөгөөд зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Тэрээр жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд ганц ч уналгүй түрүүлсэн бөгөөд жюүрёод хоёр удаа түрүүлэн, эр бяр, уран хурц барилдаанаараа комүсүби цол хүртэж, сумо сонирхогчдын бахархалыг төрүүлсэн Монголын хүчирхэг, гал цогтой хүү байлаа.
Түүний элэгсэг дотно, хүнлэг, хөдөлмөрч зан чанар, уран хурц барилдаан, хүчирхэг дүр төрх Монголын бүх ард түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
ХААИС-ИЙН УДИРДЛАГА, ЭРДМИЙН ХАМТ ОЛОН