ХААИС-ийн захирал Т. Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын их сургууль, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулав

Нийтлэгч : .
Огноо: 2017-02-23 11:12:52

ХААИС-ийн захирал Т. Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын их сургууль, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулав

ХААИС-ийн захирал Т. Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 2 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд  БНСУ-ын их сургуулиуд, бизнесийн байгууллагуудад ажиллаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ нарийвчлан тогтоож, зарим байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулав.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Чежү-ийн үндэсний их сургууль, Кореа политехникийн их сургууль, Хангионы их сургууль, Сеүл үндэсний их сургууль, Кореа шинжлэх ухаан, технологи, бизнесийн форум, Даеван Энержи ХХК зэрэг байгууллагуудад зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн хамтын ажиллагааны шинэ чиглэл тогтоох талаар ажил хэргийн уулзалтуудыг амжилттай зохион байгуулж ажилласан болно.

Чежү-ийн үндэсний их сургуулийн Мал эмнэлгийн коллежтэй тус их сургуулийн Мал эмнэлгийн сургууль хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд оюутан солилцох хамтарсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж байна. Чежү-ийн үндэсний их сургууль нь 15 бүрэлдэхүүний сургууль, 19 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй бөгөөд одоогоор 11000 оюутан, 1000 гаруй багш, судлаачтай үйл ажиллагаа явуулдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Азийн нэр хүнд бүхий томоохон их сургууль юм. Манай төлөөлөгчид тус их сургуулийн захирал Хөх Хиангжин-тэй албан ёсны уулзалт хийж, цаашид их сургууль хооронд санамж бичиг байгуулах, оюутан солилцоо, багш, судлаачдыг чадавхижуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, ахисан төвшний сургалтанд ХААИС-ийн оюутныг өргөн хамруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж харилцан тохиролцов. ХААИС-ийн захирал профессор Т.Хэрүүга тус их сургуулийн захирлыг Монгол улсад айлчлахыг албан ёсоор урисан ба урилгыг таатай хүлээн авч 2017 оны 7 сард Монгол улсад айлчилж, ХААИС-тай санамж бичиг байгуулахаар болов.

Бид тус их сургуулийн Тогтвортой ХАА-н судалгааны хүрээлэн, Мал эмнэлгийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсаны зэрэгцээ Манай их сургуулийн Мал эмнэлгийн сургууль, тус их сургуулийн Мал эмнэлгийн коллеж Монгол болон Чежү адуу судлалын чиглэлээр судалгааны төслийн санал боловсруулж БНСУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр тохиролцов.

 Бидний дараагийн айлчилсан их сургууль болох Кореа политехникийн их сургууль нь Солонгос улсын 22 000 үйлдвэрлэгчдээс бүрдсэн үндэсний хэмжээний аж үйлдвэрийн комплекс дотор байрладгаараа онцлог бөгөөд их сургууль – үйлдвэрлэлийн амьд холбоог хөгжүүлж чадсан цорын ганц сургууль болохыг танилцуулж байлаа. Тус их сургууль гарааны бизнесийг дэмжсэн, их сургууль – үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлсэн БНСУ-ын шилдэг их сургуулиар сүүлийн 4 жил дараалан шалгарсан байна. Үүнээс гадна үндэсний хэмжээний чадварлаг инженер техникийн ажилтан нарыг бэлтгэдэг бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн төвшингээрээ Солонгос улсдаа тэргүүлдэг их сургууль юм. Тус их сургуулийн дэргэд үйлдвэрлэл дээр ажиллаж буй шилдэг инженерүүд, бизнесмен зөвлөхүүд, их сургуулийн профессор багш нар, төгсөх курсийн оюутнуудаас бүрдэх 60 гаруй Инженерийн танхим ажилладаг бөгөөд эдгээр нь үйлдвэрлэл, технологийн тулгамдсан асуудлыг хамтын хүчээр оновчтой шийдвэрлэдэг байна. Манай төлөөлөгчид тус их сургуулийн сургалт, судалгааны лабораторийн үйл ажиллагаатай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Манай сургуулийн Инженер технологийн сургуультай цаашид нягт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд санал нэгтэй дүгнэж байв. Түүнчлэн тус их сургуулийн зохион бүтээх, механотроникийн тэнхимтэй ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн тэнхим хамтран ХААИС-ийн механтроник, электроник, зохион бүтээх чиглэлийн сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх замаар төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан төслийн санал боловсруулж БНСУ-ын Боловсролын яаманд хүргүүлж хамтран ажиллахаар тохиролцсон болно. Энэ чиглэлээр урьд нь бас зарим оролдлогуудыг хийж байсан билээ.