Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын журам

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
АЖЛЫН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.  ХААИС-ийн бакалаврын шатлалын оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, урамшуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2. Бакалаврын оюутны суралцах хугацаандаа тодорхой салбарын чиглэлээр сорилт, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх, арга зүй эзэмших, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, шинэ мэдээллийг амьдрал, практикт өргөн хэрэглэх дадал олгох, мэрэгжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд уг журмын зорилго оршино.
 
Хоёр. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг
зохион байгуулах, төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт
 
2.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтыг  тэнхим, бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгүүдээр дамжуулан гүйцэтгэнэ.
2.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэв, мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт, туршилтын нэгж зэргийг түшиглэн гүйцэтгэхээр төлөвлөж ажиллана.
2.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдагч багш нар болон төслийн удирдагч, мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт  туршилтын нэгжийн эрхлэгч, дарга нар биечлэн удирдаж, зохицуулалт хийнэ.
2.3 Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд гүйцэтгэх бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын сэдвийг мэргэжлийн тэнхим бүрээр жил бүрийн 10 сарын эхний хагаст багтаан гаргаж оюутнаар сонголт хийлгэнэ. Оюутны сонгосон сэдвээр судалгаа явуулах арга зүйг тухайн салбарын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэдийн төлөөлөл оролцсон тэнхимийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж батална.
2.4 Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн бүртгэл, хяналт, зохицуулалтыг бүрэлдэхүүний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хариуцан ажиллана.
2.5 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд:
a) Сургууль, хүрээлэнгээс гүйцэтгэж байгаа шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны ажил, гэрээт ажилд оролцох,
б) Зохион бүтээх, технологи боловсруулах эрдэм шинжилгээний дугуйланд тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээллэх,
в) Мэргэжлийн тэнхим, салбараас баталсан арга зүйн дагуу лабораторийн болон хээрийн туршилт гүйцэтгэх,
г) Судалгааны ажлын үр дүнгээр ХААИС, бусад мэргэжлийн болон олон нийтийн байгууллагаас зарласан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэх,
д) Төгсөлтийн ажлын хүрээнд туршилт, судалгааны ажил гүйцэтгэж хамгаалах,
е) Мэргэжлийн тэнхим, нэгжээс баталсан тусгай сэдвээр шинжлэх ухааны мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, дүгнэлт хийх зэргээр гүйцэтгэх ажил орно.
2.6 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг бүрэлдэхүүний болон их сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж ажиллана.
 
Гурав. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний
ажлыг дүгнэх, шалгаруулах
 
3.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах ажлыг жил бүр эрдэм шинжилгээний бага хурлын хэлбэрээр 3 үе шаттай зохион байгуулна.
3.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний анхан шатны бага хурлыг мэргэжлийн тэнхмүүд дээр явагдах бөгөөд сургууль, хүрээлэнгүүд мэргэжлийн чиглэл бүрээр жил бүрийн 3 сарын сүүлийн хагаст багтаан 2 дахь шатны бага хурлыг зохион байгуулж, шалгарсан 2 илтгэлийг Их сургуулийн хэмжээний төгсгөлийн шатны  шалгаруулалтын нэгдсэн комисст ирүүлэх ба эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдааныг жил бүрийн 4 сарын эхний хагаст зохион байгуулна.
3.3 Нэгдсэн комиссын бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны зөвлөл, гадаад хамтын ажиллагааны алба, сургалтын бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургууль, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөллийг оролцуулна.
3.4 Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:
а) Сэдвийн ач холбогдол,
б) Туршилт, судалгааны арга зүй эзэмшсэн байдал,
в) Тухайн салбарын онолын болон практикийн мэдлэг,
г)  Судалгааны ажилд орчин үеийн программ хэрэгсэл ашигласан байдал.
г) Илтгэх ур чадвар зэрэг орно.
3.1. Их сургуулийн хэмжээний бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж 1, 2, 3-р байр эзлүүлж дараах байдлаар урамшуулна.
1-р байр, нэг – өргөмжлөл, 600 000 төгрөг,
2-р байр, нэг – өргөмжлөл, 500 000 төгрөг,
3-р байр, хоёр - өргөмжлөл, 300 000 төгрөгөөр  тус тус шагнаж урамшуулна.
3.2. ХААИС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хуралд шалгарч оролцсон оюутныг гадаад, дотоодын төрөл бүрийн тэтгэлэгт хамруулахад бүрэлдэхүүний болон их сургуулийн зүгээс нэн тэргүүн ээлжинд тодорхойлж дэмжлэг үзүүлнэ.
Дөрөв. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний
ажлын санхүүжилт
 
4.1 Бүрэлдэхүүний сургуулийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтэнд зориулж тухайн сургуулийн оюутны жилийн нийт сургалтын төлбөрийн 0,02 хүртэл хувийг ХААИС-ийн санхүүгийн жилийн төсөвт тусгаж зарцуулна.
4.2 Бүрэлдэхүүний сургууль, салбар хүрээлэнгийн тухайн жилд бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон дараа жилийн зардлын төсвийг эрдэмтэн нарийн бичгийн дарга нар гаргаж захиралуудаар баталгаажуулан Шинжлэх ухааны зөвлөлд жил бүрийн 6 сарын 10-ний дотор ирүүлнэ.
4.3 Батлагдсан арга зүйн дагуу гүйцэтгэх оюутны эрдэм шинжилгээний ажлыг явуулахад шаардагдах материал, эм урвалж авах, багаж, тоног төхөөрөмж түрээслэх зэрэгт 4.1-д заасан санхүүжилтийн эх үүсвэрийг зарцуулах ба 2.1-2.5-д заасны дагуу зохицуулагдана.