Хос хөтөлбөрөөр 26 оюутан төгслөө
ХААИС-ийн Хос зэрэг олгох хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургууль, Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль, Буриадын Хөдөө аж ахуйн академи, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийг тус тусын сонгосон мэргэжлээрээ амжилттай дүүргэсэн нийт 26 оюутны төлөөлөл /2016.12.28/ дипломоо гардан авлаа.
Төгсөгчдөд Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа нар дипломыг нь гардуулан өгч цаашид мэргэжлээрээ амжилттай ажиллахыг ерөөсөн юм. ХААИС 2006 оноос хос хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 114 оюутан хоёр их сургуулийн дипломтой төгсөөд байна.
Энэ үеэр зарим төгсөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
-Г.Анхбаяр: Хос морьтой хүн хол явна
-ХААИС-ийн ландшафтны архитектурын ангид 2011 онд элсэн суралцаж, 2013 оноос хос хөтөлбөрөөр ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н улсын их сургуульд суралцаж төгслөө. Миний мэргэжил онцлогтой. Монгол орны хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгээд 15 жил болж байгаа, харьцангуй шинэ салбар. Хот төлөвлөлт, хүн амын ая тухтай амьдрах орныг бүрдүүлэх, энэ чиглэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд зохих хувь нэмэр оруулах мэргэжлийн нэг учраас би сонгосон. Хос хөтөлбөр маш олон давуу талтай. Хоёр улсын их сургуульд суралцаж төгсөнө гэдэг хос морьтой боллоо гэсэн үг. Хос морьтой хүн хол явна. Тиймээс өөрийн мэргэжлээ зөв сонгож, мэргэжилдээ хайртай байгаарай гэж дүү нартаа хандаж хэлье.
Ч.Удвал: Хос хөтөлбөрөөр суралцах нь олон давуу талтай
Хос хөтөлбөрөөр суралцах нь олон давуу талтай. Нэгдүгээрт, хэлний мэдлэгээ сайжруулсанаар шинэ үүд хаалга нээгдэж байна. Хоёрдугаарт, биеэ даах чадвартай болсон. Мөн олон орны оюутан залуус тус сургуульд суралцдаг. Монгол орноо төлөөлж байгаагийн хувьд олон улсын урлаг соёлын арга хэмжээнд оролцож, өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг. Миний хувьд Новосибирскийн Азийн мисс тэмцээнд оролцож, “Үндэсний эрдэнэ” шагнал хүртэж байсан. Намайг бүхий л талаар дэмждэг хамт олон, найз нөхөд, багш нартаа үнэхээр их баярлаж байна. Одоо үргэлжлүүлэн Японд суралцахаар хэлний бэлтгэлд явж байгаа.
Хос хөтөлбөрөөр суралцаж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд хэлээ сайн сураарай. Хэлний бэрхшээлгүй бол өөрт тулгамдсан асуудлаа амархан шийдэж чадна.