МОНГОЛ - ОРОСЫН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийтлэгч : .
Огноо: 2017-01-02 15:40:59

 Монгол - Оросын арьс ширний үйлдвэрлэгчдийн УУлЗАЛТ зохион байгуулав

            ХААИС-ийн МААБСургууль нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Сургалт, эрдэм шинжилгээ ба хөдөлмөрийн зах зээлийн харилцан уялдааг сайжруулах “ төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд арьс ширний салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын тавьж буй шаардлагын дагуу бэлтгэх зорилгоор олон талт үйл ажиллагаа явуулж байна.

            Энэ сарын 22-23 өдрүүдэд тус сургууль АРМОНО нэгдлийн арьс ширний эрдэм шинжилгээний төв ба Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран сүүлийн 20 жилд анх удаа Монгол Оросын арьс ширний үйлдвэрлэлийн бизнес-эрдэм  шинжилгээ-сургалтыг хамарсан төлөөлөгчдийн уулзалт зохион байгуулав.

Уг уулзалтанд Оросын арьс ширний үйлдвэрлэлийн холбоог төлөөлөн Москвагийн дэргэдэх Шебекино химийн үйлдвэр, Рязань хотын Арьс шир боловсруулах үйлдвэрийн захиралууд болон Улан Үдэ хотын Дорнод Сибирийн Технологийн Их Сургуулийн багш доктор, профессор Вера Раднаева нар оролцон, Оросын үйлдвэрлэл болон шинжлэх ухааны дэвшилтэт химийн материал ба технологийн талаар танилцуулга хийв.

Түүнчлэн төлөөлөгчид Монголын арьс шир боловсруулах Шевро ХК, Дархан Нэхий ХК, Мон Ирээдүй ХХК, Further ХХК болон гутал үйлдвэрлэгч Хос Аз ХХК ба Хүүгийн Гутал ХХКомпаниудын үйл ажиллагаатай танилцаж, боловсруулсан арьсны чанарын талаар мэргэжилтнүүд санал солилцон, цаашид хамтарсан туршилт хийхээр тохиролцов.    

 Улмаар хоёр орны мэргэжилтнүүд ХААИС-ийн дэргэд Арьс ширний технологич мэргэжлээр 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж, арьс ширний салбарын боловсон хүчинг бэлтгэхэд харилцан туслалцан, ажиллахаар болов.

Мөн уулзалтанд ХААИС-ийн Бараа түүхий эдийн технологи, Таваар судлал болон Бүтээгдэхүүний чанар, ариун цэврийн ангийн бакалавр магистр оюутнууд идэвхитэй оролцон, Монгол Оросын арьс ширний салбарын хамтын ажиллагааны түүхэн уламжлал, онцлог, давуу талууд болон ирээдүйн чиг хандлагын талаар бодит эх сурвалжаас мэдээлэл авч, цаашид суралцах зүйл маш их байгааг ойлгосноо илэрхийлж байлаа.  

Мэдээг бэлтгэсэн: Бүтээгдэхүүн судлал хяналт

                   үнэлгээний тэнхмийн багш, доктор                             Б.Итгэл