БНСУ-д суралцах дөт зам нээгдлээ
ХААИС, БНСУ-ын World Edupia Pathway компанийн хэрэгжүүлж буй “Дөт зам” хөтөлбөртэй хамтран ажиллах гэрээ /2017.01.12/ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд солонгос хэлний сургалт болон магистрын 1+1, бакалаврын 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх юм.
Оюутнууд 4 долоо хоног /80 цаг/, 16 долоо хоногийн /320 цаг/ солонгос хэлний сургалтад суралцан TOPIK 2 шалгалтанд тэнцсэнээр тухайн байгууллагатай хамтран ажилладаг БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжтой.
Гэрээг үзэглэх үеэр World Edupia Pathway-ийн Монгол дахь салбарын захирал Б.Саранчимэг хэлэхдээ, “БНСУ-ын аль ч их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцахад 1 жилд дунджаар 12-15 сая төгрөг /сургалтын төлбөр, байр, даатгал, бусад зардал/ зарцуулдаг. Харин “Дөт зам”/“Pathway” хөтөлбөрт хамрагдсанаар ердөө 1.6 сая төгрөгөөр Монголдоо суралцах боломжтой. Хүмүүс тухайн орчинд нь хэлийг илүү сайн, хурдан сурдаг гэж ойлгодог. Гэхдээ шалгалтын үр дүнг харьцуулахад Монголдоо суралцсан нь илүү амжилттай дүн үзүүлсэн” гэв.
“World Edupia” групп нь 1995 онд Канад улсад байгуулагдсан бөгөөд Канад, АНУ, БНСУ, Филиппин, Вьетнам улсуудын хооронд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ.
Монгол улсын Их сургуулиудтай 2015 оноос хамтран ажиллаж ирсэн бөгөөд оюутан, залуусыг БНСУ-ын шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшихэд туслах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.worldedupia.com хаягаас аваарай.