Норвегийн улаан үхрийн үрийг Монголд нийлүүлнэ

Нийтлэгч : .
Огноо: 2017-01-16 12:39:02

Норвегийн улаан үхрийн үрийг Монголд нийлүүлнэ

Норвегийн “Жено” группийн ТУЗ-ийн Ерөнхийлөгч Бжарте Хвале болон “Тайшир өргөө” компанийн удирдлага ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төвтэй хамтран ажиллах чиглэлээр /2017.01.13/ санал солилцлоо.

Норвегийн “Жено” групп нь 1935 онд байгуулагдсан, 10 000 фермерийн хамтын ажиллагааг нэгтгэсэн хоршоо бөгөөд мах, сүү, гүн хөлдөөсөн үр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Монголын “Тайшир Өргөө” ХХК Норвегийн “Жено” групптэй 2014 оноос хамтран ажиллаж, Норвегийн улаан үхрийн үрийг сайжруулагчаар ашиглаж тодорхой үр дүнд хүрсэн бөгөөд цаашид Малын удмын сангийн үндэсний төвөөр дамжуулан гүн хөлдөөсөн үр фермерүүдэд нийлүүлэх, таван фермийг сонгон туршилт хийх гэрээ байгуулах, бүртгэл мэдээллийн системтэй болох, туршилт, судалгааны чиглэлээр холбогдох их сургуулийн судлаачидтай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн ажлын хүрээнд ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төв болон судлаачидтай уулзаж, санал солилцсон юм.

Энэ үеэр “Жено” группийн ТУЗ-ийн Ерөнхийлөгч Бжарте Хвалетай тодруулга авлаа. .

-Монгол улсын Мал аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж буйд талархаж байна. Группийнхээ тухай товч танилцуулахгүй юу?

-Жено групп 1935 онд байгуулагдсан, 10 000 фермерийн хамтын ажиллагааг нэгтгэсэн хоршоо юм. 700 толгой бухтай, жилд 1,5 сая тун гүн хөлдөөсөн үр боловсруулдаг. 200 гаруй ажилтантайгаас докторын зэрэгтэй 13 хүн бий. Судалгаанд жил бүр ойролцоогоор 10 тэрбум төгрөг зарцуулдаг.

 Манай групп 1942 оноос анх удаа гар аргаар хээлтүүлэг хийж эхэлсэн бөгөөд 1965 онд хамгийн анхны гүн хөлдөөсөн үрийг гаргасан. 1971 оноос үржлийн болон чадавхийн байдлыг үржлийн хөтөлбөрт оруулж, эрүүл мэндийн карт ашиглаж эхэлсэн. 2010 оноос үржлийн хүйс хянах үр гарган авсан. Одоогоор хараахан худалдаанд гараагүй байгаа.

 Манай улс нийт 200 000 үхэртэй. Үүний 93 хувийг нь улаан үхэр эзэлдэг. Улаан үнээ жилд 10 тонноос дээш сүү өгдөг, сүү болон махны гарц өндөртэй. Мөн дунджаар 15 удаа тугалладаг, үржил сайтайн дээр өвчин даах чадвар өндөртэй зэрэг олон давуу талтай.

-Манай хоёр орны Мал аж ахуйн салбар хэр зөрүүтэй хөгжиж байгаа бол, ижил болон төстэй тал бий юу?

- Манай улс фермерийн үйл ажиллагаа эрхэлсэн 100 шахам жилийн түүхтэй. Харин Монгол улсад орчин цагийн фермерийн хөгжил эхэлж байна. Гэхдээ уламжлалт мал аж ахуйн орон учир хурдтай хөгжих байх. Ижил төстэй зүйл гэвэл жилийн дөрвөн улиралтай. Гэхдээ манай улс далайтай ойр учир жилийн хур тунадасны хэмжээ хавьгүй их. Монголд уул уурхай голлох салбар бол Норвегт газрын тос болон нефть үйлдвэрлэл багтдаг. 

Монгол орон манай улсаас маш олон давуу талтай гэж харж байна. Нэгдүгээрт малын тоо толгой олон, бэлчээрийн талбай, газар нутаг ихтэй. Зөв бодлоготойгоор газраа ашиглаж чадвал манай улсаас илүү боломж, ирээдүй бий.

  -Монголын компанитай хамтран ажиллаад тодорхой ямар үр дүнд хүрээд байна вэ?

- Тайшир Өргөө ХХК-тай хамтран ажиллаад тодорхой үр дүнд хүрч байна. Хоёр жилийн хугацаанд улаан үхрийн 100 гаруй төл хүлээн авсан. Цаашид Норвегийн улаан үхрийн үрээр нутгийн үүлдэрийн үхрийг сайжруулах, орон нутгийн цэвэр үүлдэртэй болох, тэжээллэг, тугал бойжуулах гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллах зорилготой байгаа.