ХААИС, “КОПИА-МОНГОЛ Төв”-тэй хамтран ажиллах санал солилцлоо

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2017-04-05 18:09:42

ХААИС, “КОПИА-МОНГОЛ Төв”-тэй хамтран ажиллах санал солилцлоо

БНСУ-ын КОПИА Монгол төвийн захирал Хонг Сэнг Кү /2017.03.31/ ХААИС-ийн удирдлагатай уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.  

Уулзалтын эхэнд ХААИС-ийн захирал Т. Хэрүүга сургуулиа танилцуулаад,  шинээр байгуулагдсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгуур салбарыг ХАА гэж зарлан үйлдвэрлэл, инновацийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. ХХААХҮЯ-наас Атрын-III аян, Мах сүүний анхдугаар аян зэргийг эхэлсэн. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь яамны бодлоготой нийцэж байгаа нь үйл ажиллагаа тогтвортой явуулах хүчин зүйл гэж үзэж байна. МУ-ын ХАА, МАА болон газар тариалангийн өнөөгийн байдлыг та мэдэж байгаа байх. МАА-н хувьд үржлийн цөм сүрэг, эрчимжсэн МАА-г бий болгоход анхаарч байна. Газар тариалангийн хувьд эрс тэс, байгаль цаг уурын онцлогоос хамаарч тулгарч буй, шийдвэрлэх асуудал нь хүнсний ногооны үр үйлдвэрлэх аж ахуйг бий болгох явдал юм. Захирлын хувиар хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид хамтран хариуцлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Ноён Хонг Сэнг Кү: Хэд хоногийн өмнө буюу 3-р сарын 22-нд  манайх семинар зохион байгуулсан бөгөөд тус семинарын үеэр яригдсан зүйлийг аль хэдийнээ сонссон болох нь ректорын хөндсөн асуудлуудаас харагдаж байна. Хүнсний ногооны үр, үрсэлгээ, малын махны чанар сайжруулах талаар энд хүрэлцэн ирсэн хоёр багштай семинарын дараа уулзаж ярилцсан. Цаашдын хамтын ажиллагаа урт удаан, амжилттай болоосой гэж бас хүсэж байна. МУ-д ирсэн гол зорилго бол ХАА-н технологийн хөгжлийн төлөө юм. Иймээс ч Копиа Монгол Төв байгуулагдсан гол зорилгоо биелүүлэхийн тулд ХААИС-тай нягт холбоотой ажиллах болно гэв.

Тус хэлэлцээрийн хүрээнд, хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар КОПИА-гийн төвд бичиг хүргүүлэн эргэн мэдээлэх, цаашид судалгаанд суурилсан төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хэлэлцээрт, ХААИС-ын захирал Т.Хэрүүга, Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, МААБС-ийн ахлах багш Ж.Шинэхүү, АЭС-ийн ахлах багш Ж.Оюунгэрэл, БНСУ-ын КОПИА Монгол төвийн захирал Хонг Сэнг Кү,  тус төвийн мэргэжилтэн-орчуулагч Г.Буяннэмэх, Гадаад харилцааны мэргэжилтэн А.Алтанзул нар оролцсон юм.