УИХ-ийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 10 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, гишүүн Ё.Баатарбилэг, Б.Цогзолмаа, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зөвлөх Ч.Онончимэг, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан болон бусад албаны хүмүүс ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай /2017.04.03/ уулзаж, үйл ажиллагаатай танилцаж санал, солилцлоо.
Дээд боловсролын эрх зүйн орчин, санхүүжилт, сургалтын агуулга, чанар, хүртээмж болон багш, судлаачийн мерит зарчим, мэргэжил дээшлүүлэх бололцоо, ажлын орчин, нөхцөлтэй газар дээр нь танилцаж, боловсролын салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах талаар дүгнэлт, санал боловсруулах зорилгоор ажлын хэсэг ийнхүү байгуулагдан ажиллаж байгаа юм. Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх боломж, төгсөгчдийн ажил эрхлэлт, тэдгээрийг чадамжийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох зорилготой байгаагаа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа уулзалтын эхэнд илэрхийлэв.
Үүний дараа ХААИС-ийн захирал Т.Хэрүүга их сургуулийнхаа хэтийн зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв. Үүний дараа гишүүд өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм.
УИХ-ийн гишүүн Ё.Баатарбилэг: Сургуулийн үйл ажиллагааны талаар хийсэн захирлын танилцуулгаас харахад танай их сургууль өвөрмөц удирдлагын менежментийг амжилттай хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрэн ажиллаж байгаа нь харагдлаа. Манай байнгын хорооноос Шинжлэх ухааны эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар тусгай ажлын хэсэг өмнө нь байгуулагдсан ба Шинжлэх ухаан технологийн хууль, Инновацийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Их сургуулиуд шинжлэх ухааны академи хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагаа зарим талаар хангалттай бус байгаа нь ажиглагддаг. Монгол улсын бусад их, дээд сургуулийн хувьд эрдэм шинжилгээний хүрээлэнгээсээ тусдаа, бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байдал нийтлэг ажиглагдаж байна. Харин танай сургуулийн хувьд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй нягт холбоотой ажиллаж байгаа нь сайшаалтай.
УИХ-ийн гишүүн Ц.Цогзолмаа: Монгол улс шинжлэх ухаанд ач холбогдол өгч байгаа бол түүний салшгүй эд эс болсон их сургуулиудын судалгаанд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэж боддог. Манай орны эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай биш, харин ХАА-н салбар. Малын тоо толгой 60 саяд хүрлээ. Энэ бол том нөөц бололцоо юм. Харин ХАА-н бүтээгдэхүүний хувьд олон улсын зах зээлд хэрэглэгчдийн шаардлагыг хангахгүй байгаа нь энэ чиглэлийн мэргэжлийн байгууллага түүний дотор дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагын үүрэг, хариуцлага их байгааг харуулж байна. Танай сургуулийн хувьд ХАА-н гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч салбарын чадамжийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэй гэж бодож байна. Тус сургууль өөрийн давуу болон онцлог тал, нийгэмд гүйцэтгэх үүргээ гадаад хамтын ажиллагаатай их сургууль, олон байгууллагад ойлгуулж чадсан тул олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа нь харагдлаа. Мөн түүнчлэн танай их сургуулийн хувьд дараах давуу талыг харж байна. Үүнд:
Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад та бүгдийн санал чухал байх болно.
УИХ-ийн гишүүн А.Ундраа: Сургалт, судалгааг хослуулсан зөв менежментийг хэрэгжүүлж буй нь чадварлаг баг ажиллаж байгааг илтгэж байна. Ялангуяа судалгааны ажлыг дэмжих, урамшууллын бодлого явуулж байгаа нь сайшаалтай харагдлаа. Гэхдээ их сургуулийн хувьд эрдэм шинжилгээний өгүүллийг зөвхөн IF -тай сэтгүүлд нийтлүүлэхэд хэлний бэрхшээл их байдаг. Тиймээс хэлний өндөр мэдлэгтэй орчуулгын мэргэжлийн баг судалгааны багтай хамтран ажиллавал танай сургуулийн хувьд илүү үр дүнтэй байх гэж бодож байна гэлээ.
Уулзалтын дараа УИХ-ын гишүүд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол улсад хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд тус их сургуулийн Инженер, технологийн сургууль дээр 2017 онд байгуулагдсан мехатроник, машин сорилын зарим лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн үеэр ажлын хэсгийн гишүүд Монгол улсын үндэсний хэмжээний робот зохион бүтээлтийн шилдэг бүтээл шалгаруулах “Робокон” тэмцээнд бэлтгэж буй оюутны багийн гишүүдтэй уулзаж, санал солилцож байлаа.
Уулзалтын төгсгөлд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга ажлын хэсгийн гишүүдэд тус сургууль дээр цаг зав гарган хүрэлцэн ирж бидний үйл ажиллагаатай танилцаж, үнэтэй санал, зөвлөгөө өгч хамтран ажилласанд талархаад, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчны тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар бичгээр саналаа нэгтгэн хүргүүлнэ гэдгээ илэрхийлэв.