"CAREER DAY-2017" өдөрлөг болов

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-13 18:07:04

Уг хөтөлбөрийн эхний хэсэг болох  “ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, АЖЛЫН БАЙРНЫ ЗУУЧЛАЛ” -ийн үйл ажиллагааг тус сургуулийн сургалтын алба болон оюутны хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төвөөс Монголын Хөдөлмөрийн Биржүүдийн Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгууллаа.  Уг арга хэмжээнд  ЭЗБС-ийн нийт төгсөгчид хамрагдсан бөгөөд Монголын Хөдөлмөрийн Биржүүдийн Холбооны гишүүн болох 28 хөдөлмөрийн биржүүдийн төлөөлөл оролцсон юм.  Мөн энэхүү  арга хэмжээнд ХААИС-ийн сургалтын албаны ажилтан  Энхсаруул оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааг Сургалт эрхэлсэн дэд захирал З.Ядмаа нээн өнөөгийн монголын эдийн засгийн нөхцөл байдал, ажлын байрны хүрэлцээ болон ажлын байртай болоход  оюутнуудын зүгээс анхаарвал зохих асуудлын талаар ярилаа.

“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тухай”  сэдвээр  Монголын Хөдөлмөрийн Биржүүдийн Нэгдсэн Холбооны захирал А.Амаржаргал лекц уншив.

“Өөрөө өөртөө ажлын байр бий болгох нь”  сэдвээр  Вэст Мэтод Хөдөлмөрийн Биржийн захирал Б.Нэргүй ярьж,  залуучуудын гарааны бизнес болон  тэднийг  өөрөө өөртөө ажлын байр бий болгоход туслах зорилгоор МУ-ын Засгийн Газраас зохион байгуулж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон хөнгөлөлттэй зээлийн  тухай дэлгэрэнгүй ярьж, оюутнуудын тавьсан асуултанд  хариулж,  тодорхой мэдээлэл өгөв. Мөн  ажил хайж буй иргэдийн ширээний ном болох  “Ажлын хөтөч”  гарын авлагыг нийт төгсөгчдөд тарааж, ажлын анкет, CV хэрхэн бөглөх, ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх,  шинээр ажилд ороход анхаарах зүйлсийн талаар төгсөгчдөд дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд   хөдөлмөрийн биржүүдийн төлөөллүүд ирж, нийт   төгсөгчдөөр ажлын анкет бөглүүлж, шаардлагатай мэдээллүүдийг авсан бөгөөд эдгээрийг  Монголын Хөдөлмөрийн Биржүүдийн Нэгдсэн Холбооны гишүүн болох 28 хөдөлмөрийн биржүүдийн мэдээллийн санд байршуулна.  Биржүүдийн зүгээс анкет бөглөсөн төгсөгчидтэй  байнга холбоотой байж,  тэднийг  ажил олгогч байгууллагуудад  санал болгон зуучлах юм.  Мөн анкетаа өгсөн төгсөгчид нь   өөрөө өөртөө ажлын байр бий болгохтой холбогдсон залуучуудад зориулсан төсөл хөтөлбөрүүдэд  хэрхэн хамрагдах, төслийг хэрхэн бичих талаарх хөдөлмөрийн биржүүдийн  сургалтанд үнэгүй хамрагдаж, зөвлөгөө авах боломжоор хангагдаж байгаа юм.