Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 12-нд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай уулзан санал бодлыг сонссон юм.
Байнгын хорооны дарга, УИХы-н гишүүн Ц.Гарамжав, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Я.Санжмятав, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцсаны дараа ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуй биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээр зочилж эрдэмтдийн санал сэтгэгдлийг сонссон.
Энэ үеэр эрдэмтэн, судлаачдаас олон сайхан санал гарсан учир гол гол саналаа нэгтгэн дөрөвдүгээр сарын 15-нд дахин хуралдахаар шийдсэний дагуу өнөөдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургуулийн судлаачид нэгдсэн саналаа илтгэсэн бол Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд оруулах саналаа Мал аж ахуй биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд нэгтгэн боловсруулж ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Я.Санжмятав, Д.Мурат, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон ажлын хэсгийн гишүүд, ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон юм.
Энэ үеэр Мал эмнэлгийн ухааны доктор/Ph.D/ Н.Батсуурь дараах саналыг хэлэв. Нэгдүгээрт, Үндэсний мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагыг улс төр, эдийн засаг, бизнесийн бүлэглэлийн хараат байдлаас нь салгахад анхаарна уу.
Энэ хуулийн төслийн 28.7-д Мал эмнэлгийн бүх шатны байгууллагын удирдлагыг Сайд томилно гэсэн нь ноцтой асуудал юм. Энд маш том ашиг сонирхлын зөрчил оршиж байж болно. Иймд Төв албаны даргыг Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албаны удирдлагыг Мал эмнэлгийн төв албаны дарга, сум дүүргийнхийг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албаны дарга томилж чөлөөлж байхаар тугаж өгөхгүй бол болохгүй. Мөн үйлдвэрлэл дээр ажиллаж үзээгүй хүмүүсийг удирдах байгууллагад албан тушаалд томилдоггүй байх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Мал эмнэлгийн байгууллага эдүгээ үндэсний хэмжээнээсээ хальж дэлхийн нэгдмэл системийн нэг хэсэг болсоныг хүлээн зөвшөөрөх. Энэ нь дараах шинжүүдээр тодорхойлогдож байгаа. Мал, амьтны гоц халдварт өвчнүүд нэг улсын хил хязгаараар хязгаарлагдахгүй болсон. Хил дамжин халдварладаг халдварт өвчнүүд дэлхий нийтийн зовлон болоод байгаа. Энэ зовлонг даван туулахад улс орон бүрийн хүчин чармайлтаас гадна хамтын ажиллагаа нэн чухал болоод байна.
Урьд өмнө энэ дэлхий дээр байгаагүй олон шинэ өвчин гарч, тэдгээр нь ихэнхдээ мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг аюултай өвчнүүд байна. Оношлох, тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам тодорхойгүй, энэ чиглэлээр шинжлэх ухааны мэдээлэл хомс байгаа зэрэг нь дэлхийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг юун түрүүнд шаарддаг. Бид тэдгээртэй холбоотой мэдээллийг Дэлхийн мал эмнлэгийн байгууллагаас, эсвэл ФАО-аас л авах боломжтой.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын урьд өмнө байгаагүй шинэ сорилт, үүрэг, зорилтыг бий болгож байна. Дээрх нөхцөл байдлын улмаас манай улсын мал эмнэлгийн байгууллагууд дэлхийн мал эмнэлгийн байгууллагын тогтоосон стандарт, заавар, удирдамжийн дагуу ажиллах ёстой болж байгаа юм.
Гуравдугаарт, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах асуудлыг хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлж шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна.
Дөрөвдүгээрт, Мал эмнэлгийн байгууллага бол шинжлэх ухааны байгууллага. Үйл ажиллагаа нь шинжлэх ухааны баталгаа нотолгоо бүхий үндэслэл дээр тулгуурлаж явагддаг. Энэ бүхнийг 7.2-т заасан заавруудад зааж өгсөн байдаг. Ийм болохоор энэ заавруудыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх албадлагын механизмуудыг хуульд тусгаж өгөх хэрэгтэй байна.
Тавдугаарт, Малын эмчийн хөдөлмөрийн нөхцөлийг тодорхой болгож өгөөч. Өнөөгийн нөхцөлд хөдөө үйлдвэрлэл дээр залуучууд очиж ажиллах сонирхол маш бага байгаа. Хөдөлмөрийн нөхцөл маш хүнд, биологийн аюулт зүйлстэй байнга харьцдаг, эрүүл мэнд, амь нас нь эрсдэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа малын эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, хөлсний урамшуулал, дэмжлэг үзүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүссэн юм.
Мал эмнэлгийн ухааны доктор/Sc.D/ З.Батсүх
Мал эмнэлгийг ямар зорилгоор ашиглаад байна вэ? Өнөөдөр махаа экспортолж чадахгүй байгаа нь мал өвчтэйдөө биш зохих ёсоор ашиглаж чадахгүй байгаа хэрэг юм. Махаа экспортлох, эдийн засгийн ашиг хүртэх энэ бүхний бараг 80 хувь нь Мал эмнэлгийн ажил байдаг. Гэтэл мал эмнэлгийн хийх ёстой ажлыг нь хийлгэхгүй байна.
Одоогоор нэг малын эмчид 45000 мал ноогдож байна. Тиймээс малын эмч нарын хөдөлмөрийн нөхцөлийг тодорхой болгож, нийгмийн асуудалд нь анхаарах хэрэгтэй байна. Насаараа ажиллачихаад нэг сарын тэтгэвэр авч чадахгүй өнгөрч байгаа тохиолдол олон байна.
ХААИС-ийн МААБТС-ийн багш доктор /Ph.D/ Ё.Доржбат
-Нэгдүгээрт, Хуулийн нэршлийг малын генетик нөөц биш удмын сан гэдэг утгаар хэрэглэх нь зөв болов уу. Энэ хуулийн гол хэрэглэгч нь малчид тул арай ойр сонсогдоно гэж бодож байна.
Хоёрдугаарт, Малыг тарчлаан зовоохгүй, айлгахгүй, уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт аргаар нядална гэсэн заалт оруулвал ямар вэ?
Гуравдугаарт, Мал, маллагааны технологийн мөрдүүлэх гэдэг заалт оруулах хэрэгтэй гэж бодож байна.
Дөрөвдүгээрт, Малын хөлийн татварыг авах нь зүйтэй. Өнчин ишиг ч байсан бэлчээрээс өвс тасдаж идсэн л бол татвар авах нь зөв. Гэхдээ үхэр болон шинээр бий болсон үүлдэр омгийн малаа өсгөх зорилгоор татварын бодлогоор зохицуулах хэрэгтэй.
Тавдугаарт, Мал үржлийн алба тогтолцооны хувьд бараг байхгүй болж байна. Малыг зөвхөн эрүүл байлгах гэж өсгөж, үржүүлдэггүй. Ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах зорилгоор үржүүлдэг. Тиймээс Мал үржлийн албаны тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч үзнэ үү .
ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч доктор /Ph.D/ Ж.Ундармаа:
Бэлчээр байж л мал оршин амьдардаг. Гэтэл Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд бэлчээрийн тухай үг, үсэг ч байхгүй байна. Мал бэлчээрээсээ болж өвчилж байгааг үгүйсгэхгүй. Өвчин гарсан газар ариутгал хийж байгаа боловч нэгдсэн мэдээллийн санд тусгаж чадахгүй байгаа. Иймээс тодорхой хугацааны дараа тухайн газарт бэлчээрээс хамааралтайгаар өвчин үүсч байгааг үгүйсгэхгүй. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн 8-3-т Малын генетик нөөцийн тухай хуулийн 5-4-т Нэгдсэн мэдээллийн сан байгуулна гэсэн байна. Үүнийг нэгдсэн мэдээллийн систем гэж оруулна уу. Сан бол амьд зүйл биш. Систем бол байнга ажиллаж байдаг амьд хэрэглээ юм. Бэлчээр хамгаалах, зохистой ашиглах талаар ч тодорхой заалт оруулж өгөх хэрэгтэй байна. Гэсэн юм.
Өмнөх уулзалтын үеэр, Байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр чухал хуулийн төслийг бид хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Эдийн засгийн уналттай байгаа жилүүдэд өсөж байгаа салбар бол хөдөө, аж ахуй юм. Мал аж ахуй, газар тариалан хэдий амжилттай өсч байгаа ч эдийн засагт олох орлого, экспортын бодлого алдагдсан. Хүнсний бүтээгдэхүүний гол түүхий эд болох малын мах олон улсын стандартын шаардлага хангахгүй байна. Тиймээс эрдэмтэн судлаачдын үнэтэй санал, зөвлөгөөг сонсож байгаагаа илэрхийлсэн.
Ажлын хэсгийн гишүүд Мал эмнэлгийн сургуульд ажиллах үеэр сургуулийн захирал А.Гомбожав лекцийн хичээлийг багасгаж ур чадвар олгоход анхаарч буй талаар танилцуулсан юм. Мөн хортой нөхцөлд, төрөл бүрийн вакцин, халдваргүйжүүлэх бодистой харьцдаг малын эмч нар эрүүл мэндээрээ хохирч үлддэг учир ажлын байрыг хортой нөхцөлд хамруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхмийн эрхлэгч Ч.Тунгалаг “Хөдөө, аж ахуйн салбарын боловсон хүчнийг чадавхижуулж, малын эмч нарыг системтэйгээр үргэлжлүүлэн бэлтгэх, малын эмчийн үүрэг хариуцлага, ёс зүйг дээд зэргээр хангах шаардлагатай” байгааг хэлэв.
Үүний дараа Мал эмнэлгийн хүрээлэнд ажилласан юм.
Энэ үеэр Академич Ш.Дэмбэрэл, нэгдүгээрт, “Мал эмнэлгийн албаны дарга олон улсын хэмжээнд ажиллаж чадвартай мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Мал эмнэлгийн албанд ажиллаж байгаа хүмүүс ч өндөр мэдлэг ур чадвартай байх нь зөв. Мөн тархвар зүйн зураглалтай болох хэрэгтэй. Манай хүрээлэнгийн эрдэмтэд үүнийг судлаад гаргасан байгаа. Хэдэн жилийн дараа тэнд боом гарах магадлалтай гэдгийг мэдэх боломжтой.
Хоёрдугаарт, Махаа экспортлох шаардлага байна. Тиймээс Монгол улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг олон улсын мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан өндөр дэглэмтэй бүс нутаг болгох хэрэгтэй. Бид Халх голоос Алтай таван богд хүртэл морио ачаад уралдуулаад явж байгаа уяачдыг яах ч аргагүй. Мал, амьтны хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлнэ гэдэг бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа Монгол орны хувьд тун хүнд. Тиймээс ямар ч өвчин гарсан түүнээс сэргийлж чаддаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онцгой бүс л хэрэгтэй.
Гуравдугаарт, Хурганы мах үйлдвэрлэж экспортлох хэрэгтэй. Урд хөрш жилдээ 140 сая хурганы мах хүнсэндээ хэрэглэдэг. Дэлхийн зах зээлийн махны экспортын ерөнхий зураглалыг авч үзвэл 2020 он гэхэд махны импортын зонхилох хувь нь Хятад улс руу шилжих хандлагатай байна. Нэг кг хурганы махыг 4-5 ам,доллараар гаргах боломжтой. Үүнийг нөгөө онцгой бүсээсээ экспортлох хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, Малын бага эмч гэж зайлшгүй байх хэрэгтэй.
Тавдугаарт, Монголын бэлчээрийн малын олон улсын стандарт гэж байж болохгүй юу. Ийм стандарт байхгүйгээс олон улсын стандартыг хангаж чадахгүй гацчихаад байна. Би хувийн зүгээс дараах бодолтой байдаг. Бэлчээрийн мал янз бүрийн эмийн ургамал иддэг. Ургамалд антибиотект төстэй бодис байдаг. Тэр нь тодорхой хэмжээгээр малын биед үлддэг. Гэтэл Европын холбооны стандартаар антибиотект төстэй үлдэгдэл бодистой байна авахгүй гэдэг. Тиймээс үүнийг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг орнуудтай холбогдож байгаад бэлчээрийн малын олон улсын стандартыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай гэж бодож байна.
Зургаадугаарт, Зуд боллоо гээд л өвс тээвэрлэдэг. Өвсийг нутагт нь бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл Сэлэнгийн өвсийг говьд аваачаад мал нь идэхгүй, өвсийг боловсруулах дасан зохицох чадвар сул байна. Иймээс илүү зардал гаргахаа болиоч ээ гэдэг санал хэлмээр санагддаг.
МЭХ-ийн Ариун цэвэр эрүүл ахуйн лабораторийн эрхлэгч доктор С.Лхагвасүрэн:
Махны үйлдвэрүүдтэй олон жил хамтарч ажиллаж байна. Өнөөдөр манайд Махны 50 гаруй үйлдвэр байдаг. Тэдгээр үйлдвэрүүд хүчин чадлынхаа 8 хүрэхгүй хувийг л ашиглаж байгаа. Гэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мах үйлдвэрлэх хүчин чадалтай, хүнсний аюулгүй байдал, менежментийн тогтолцоогоо бүрэн шийдсэн махны үйлдвэр байхгүй байна. Эхлээд хөрөнгө оруулалтаа хийчихээд мэргэжлийн байгууллагад ханддаг учраас энэ ажил явахгүй байна. Жижиг үйлдвэрүүд зах зээлийн зарчмаараа яваг. Харин улс экспортын чиглэлийн үйлдвэртэй болох хэрэгтэй гэж боддог.
Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш доктор Г.Самбуу
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэхэд энэ хууль чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Малаа өсгөөд байх уу, үүлдэр угсааг нь сайжруулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үү, Бий болсон үүлдэр угсаагаа яаж хамгаалах юм. Үүнийг одоо орон нутагт нэг л хүн хэрэгжүүлж байна. Энэ хуулиар тус орон тоог хадгалж үлдээсэй гэж хүсэж байна.
Өмнө нь мал авч ирж үүлдэр угсааг нь сайжруулдаг байсан бол одоо гүн хөлдөөсөн үрээр энэ асуудлыг шийддэг болсон. Шинэ үүлдэрийг 20-30 жил ажиллаж гаргадаг байсан бол өнөөдөр 2-3 жилийн дотор шийдэж байна.
Нэг жишээ хэлэхэд, Өвөрмонголд эрчимсэн мал аж ахуйг бодлогоор хөгжүүлж байна. Нийт хээлтүүлэгч малаа улсын мэдэл авсан. Тэр аргыг манайд нэвтрүүлэх шаардлагатай байна. Мал хувьд шилжсэн нөхцөлд хичнээн мал ангилан ялгаад үр дүнгүй. Үүний оронд хээлтүүлэгч малаа ялгаад цөм сүргийн үржлийн ферм байгуулан ажиллавал малыг үүлдэр угсааг хурдан хугацаанд сайжруулах боломжтой.
Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш доктор Г.Энхманлай.
-Малын үржлийн ажлыг сайжруулахаар МЭҮГ-аас гаргасан загварын дагуу ажиллаж байна. Өнгөрсөн жилээс шавь нартайгаа нийлэн хоршоо байгуулсан. Нэг сумыг сонгон авч сумынхаа малчдыг хоршоонд элсүүлсэн. Малчдын хуц, ухныг ялган хоршоондоо авсан. Үүний дараа ялгасан эцэг малаа ангилан чанаржууллаа. Малчид хуц, ухнаа буцаан авахдаа түрээсэнд нь төлөг, борлон өгөхөөр хоршооны хувьд эдийн засгийн хөшүүрэг нь болж өгч байгаа юм.
Одоогоор бүх ухнаа ангилан хамгийн шилдэгийг нь шалгаруулсан. Тухайн эцэг малаар 1000 ямааг зохиомлоор хээлтүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Ажлын хэсгийн гишүүд үнэтэй санал хэлсэн эрдэмтэн, судлаачдад талархаж буйгаа илэрхийлээд эрдмийн ажилд нь амжилт хүслээ.