Эрдмийн их өргөөнөөс “Сүүн зам” татлаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-21 15:18:17

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ХААИС-ийн багш, профессор Р.Бүүвэйбаатар номын баяраа хийж, уран бүтээлийнхээ дээжээс эрдэмтэн багш, найз нөхөд, шавь нартаа танилцууллаа. “Сүүн зам” ном нь түүний шүлэг, яруу найраг, дурсамжийн хоёр дахь бүтээл юм.

Техникийн ухааны доктор, профессор, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, цахилгаан техникийн профессорын багийн ахлагч Р.Бүүвэйбаатар нь сурган хүмүүжүүлэгч багш, судлан шинжлэгч эрдэмтэн, шинийг санаачлагч зохион бүтээгч төдийгүй хүний сэтгэлийн утсыг хөндөх шүлэг, яруу найраг, дуугаараа олны хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч юм.

МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагналт яруу найрагч, орчуулагч Д.Мөнхтөр номыг нь мялааж хэлсэн үгэндээ, “Хөдөө аж ахуйд сэргээгдэх эрчис хэрэглэх”-ийг номлож сэхээрүүлж ирсэн эрдэмт багш мөний зэрэгцээгээр “хүний аж төрөлд сэтгэлийн эрчис үйлдвэрлэх”-ийг энэ биеэрээ үлгэрлэн зүтгэх буянт үйлийг бүтээж яваа нэгэн болох нь түүний эрдэм судалгааны бүтээлүүдийн хэлхээс хийгээд ном, шүлэг, дуунаас нь илт харагдана гэжээ.

Тэрээр өнгөрсөн хугацаанд 30 орчим сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэн, 30 гаруй патент, ашигтай загвар, зохиогчийн эрх ба инноваци бий болгож, 20 гаруй оюутныг удирдан магистр, докторын зэрэг хамгаалуулжээ.

Мөн 20 гаруй номыг редакторлан, хамтран бүтээж,  сэтгүүл, сонинд 20 гаруй өгүүлэл нийтлүүж, яруу найргийн ном хоёр дахь номоо өлгийдөн авч буй юм.  

Номын нээлтийн үеэр ХААИС-ийн удирдлага, багш, найз нөхөд нь дурсамж сэтгэгдлээ хэлж, шавь нар нь шүлэг, яруу найргаас нь уншин, дуучид уран бүтээлээс нь эгшиглүүллээ. ХААИС гэх эрдмийн их өргөөнөөс “Сүүн зам” татуулсан эрдэмтэн багшдаа сургуулийнх нь хамт олон урт наслахыг ерөөж, мөнгөн аягатай сүүг алд цэнхэр хадгийн хамт өргөн барилаа.

Сайхан

Байгаагаараа хөгжиж, амьдрах сайхан

Бахархал, баялгийн эзэн болох сайхан

Бал бурмын дээжийг хүртэх сайхан

Баян Монголынхоо эзэн байх сайхан

Баяхгүйг бий болгох бүр ч сайхан

2016.10.31 Зайсан, Соёмбот уул Р.Бүүвэйбаатар