Алтан гадас одонгоор гурван хүн энгэрээ мялаалаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХААИС-ийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Ж.Батчулуун, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Оюутны асуудал эрхэлсэн арга зүйч Н.Хандаа, слесарь Ш.Баттогтох нарыг алтан гадас одонгоор шагнасныг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардуулан өгч, баяр хүргэлээ. Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрдэмтэн судлаачдаа ХААИС-ийн удирдлага уламжлал ёсоор хүндэтгэн хүлээн авч, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүний хамт дээжлэн барьж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, энэ салбарын боловсон хүчин бэлтгэх, оюутан суралцагч, ажилчдын ая тухтай сурч, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх зэрэгт өөрийн ухаан билгээ зориулан ажилласан дээрх хүмүүсийн шагнал гардуулах ёслолд ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирал, академич Ш.Дэмбэрэл, ХХАА-н сайдын зөвлөх Д.Самданжамц болон багш, судлаачдын төлөөлөл оролцсон юм.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, доктор, профессор Ж.Батчулуун нь 1986 онд ХААДС-ийг төгссөнөөс хойш өнөөг хүртэл төр засгийн төв, орон нутгийн болон боловсрол, шинжлэх ухааны байгууллагад тасралтгүй 30 жил ажиллаж байна.
Тэрээр ажил, хөдөлмөрийнхөө гарааг Сүхбаатар аймгийн ХААУГ-аас эхэлж, 1989-1993 онд Ж.Самбуугийн нэрэмжит МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн, ХАА-н эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, дэд ажилтнаар тус тус ажилласнаар эрдэм судлалын ажлын гараагаа эхэлжээ.
Улмаар 1993-1996 онуудад ОХУ-ын Новосибирск хот дахь Сибирийн ХАА-н эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аспирантурт суралцаж “Монголын бэлчээрийн мал аж ахуй дахь өрхийн аж ауйн эрхлэн хөтлөлтийн үр ашгийг нэмэгдүүлэх нь” сэдвээр эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ -ын зэрэг хамгаалсан байна.
Шагнал гардуулах ёслолын үеэр Эдийн засаг, бизнесийн сургуулийн Оюутны асуудал эрхэлсэн арга зүйч Н.Хандаа хэлсэн үгэндээ, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс анх ажлын гараагаа эхэлж байсан. Өдгөө 47 дахь жилдээ ХААИС-д ажиллаж байна. Буян, хишигтэй газар, сайхан хамт олонтой хувь заяагаа холбосондоо үргэлж талархаж явдаг гэсэн юм.
Слесарь Ш.Баттогтохын аав Ширчин гуай ХААИС-ийн орчныг цэвэр, тохитой байлгахад бүхий л ажил, амьдралаа зориулсан нэгэн байсан. Харин хүү нь энэ хамт олныг халуун дулаан байлгахтай холбоотой бүхий л ажлыг удирдан зохион байгуулж, хийсээр 30 жилийг ардаа үдэж буйг хамт олон нь дурсан ярилаа.