БНАЛАУ-ын Сиенгхуанг мужийн амбан захирагч Сомкот Мангномек, тус мужийн ХАА, Ойн газрын орлогч дарга Виенгхам Чантала, Лаос улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-үтон тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
БНАЛАУ-ын Сиенгхуанг мужийн амбан захирагч Сомкот Мангномек хэлэхдээ, Энэ жил манай хоёр орны хооронд найрамдалт харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Лаосын ард түмний нэрийн өмнөөс өнгөрсөн хугацаанд бүхий л талаар тусалж дэмжиж ирсэнд талархаж буйгаа илэрхийлье. Монгол улсад боловсрол эзэмшсэн олон залуус эх орондоо ажиллаж, ихийг хийж бүтээж байна. Мөн хүнд хэцүү цаг үед хүн эмнэлэг болон хонины аж ахуй байгуулан өгч байсныг бид мартаагүй. Би танай оронд дөрөв дэх удаагаа айлчилж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд үхэр, хонины эрчимжсэн аж ахуй эрхэлж буй Монголын туршлагаас хуваалцах мөн манай муж болон ХААИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулах боломжийн талаар санал солилцох зорилготой гэв.
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, сургуулийнхаа талаар товч танилцуулаад, урт хугацааны найрсаг хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сонирхуулахад, ХААИС-ийн судлаачдын баг 2011 оны дөрөв, тавдугаар сард БНАЛАУ-ын Сиенгхуанг мужид ажиллаж, Хангсийн хонины аж ахуйн байгаль, цаг агаарын онцлог, нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн мал аж ахуй эрхэлж буй нөхцөл байдалтай танилцаж, мужийн Хөдөө аж ахуй, ойн газартай хамтран мал аж ахуй, мал эмнэлгийн албыг хөгжүүлэх судалгаа явуулж байсан юм.
Судлаачдын баг томилолтын хугацаанд, Хангсийн хонины аж ахуй орчмын 14 үхрийг сонгон, хоёр брахман үнээнд үр хөврөл шилжүүлэн суулгаж, есөн үнээнд махны чиглэлийн улаан ангус үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийжээ. Мөн нутгийн үүлдрийн 20 хонийг монгол хуцны гүн хөлдөөсөн үрээр зохиомлоор хээлтүүлжээ. Үүний үр дүнд монгол үүлдрийн хонь, үхэр Лаост өсөж үржих боломж дахин бүрдсэн байна.
Дээрх томилолт нь манай улсын тусламжаар 1982 онд байгуулсан Хангсийн хонины аж ахуйн үйл ажиллагааг сэргээх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх сайхан эхлэл болсоныг хоёр талын төлөөлөгчид онцоллоо.
Тус мужид байх "Монгол-Лаосын Найрамдал" эмнэлгийг Монгол Улсын Засгийн газрын тусламжаар 1984 онд барьж байгуулан ашиглалтад оруулсан бол шинэ өргөтгөлийн нээлтийг 2012 оны 11 дүгээр сарын 9-нд хийжээ.
Зочид ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн болон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээр зочилж, хонины аж ахуйтай танилцах юм.