Төслийн багийнхан ХААИС-д зочиллоо

Нийтлэгч : .
Огноо: 2017-05-31 17:04:30

Орон нутгийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн агробизнесийг хөгжүүлэх төсөл”-ийн багийнхан /2017.05.30/ ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төслийн менежер, багийн ахлагч Эгами Мицүаки, Хүнсний ногоо тарих аргачлал хариуцсан мэргэжилтэн Такая Фүжи, Моджуулалт, ойн зурвас, хөрс сайжруулалт хариуцсан мэргэжилтэн Хатакэяма Жюичи, Хүнсний боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Киношита Хацүко, төслийн менежер Н.Ганчимэг нарын зочдыг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн нар хүлээн авч уулзсан юм.

 Өвсний үндэс технологийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд дээрх төсөл Өвөрхангай аймгийн Арвайхээр, Төгрөг, Тарагт суманд хэрэгжиж байгаа бөгөөд хүнсний ногооны тариалалт, борлуулалт, боловсруулалт хосолсон мэдлэг, ур чадварыг орон нутгийн иргэдэд олгох зорилготой аж.

Мөн Монголчуудын хүнсэндээ өргөн хэрэглэдэг  бөөрөнхий сонгиныг богино хугацаанд буюу нэг жилд тариалах технологи, арга зүйг нэвтрүүлэх, хүнсний ногоогоо үр ашигтайгаар борлуулах, үлдсэнийг нь  боловсруулж өвлийн турш худалдаалах боломж,  мэдлэг, ур чадварыг орон нутгийн иргэдэд олгох зорилготой хэмээн Төслийн менежер Н.Ганчимэг танилцууллаа.

Өнгөрсөн 5 жил Өвөрхангай аймагт цагаан будааны төсөл хэрэгжүүлж, төслийнхөө хүрээнд Хоккайдод урт, богино хугацаагаар ХАА-н мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж байсан. Эдгээр мэргэжилтнүүдийн дийлэнх нь ХААИС-ийн төгсөгчид байдаг. Тиймээс Монгол улсдаа ХАА-н чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцах, санал солилцох, хамтран ажиллах боломжийн талаар ярилцахаар ирсэн гэв.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, сургуулиа товч танилцуулаад, манай сургуулийн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн иргэдэд ХАА-н боловсрол олгох сайхан төсөл хэрэгжүүлж буй төслийн багийнханд амжилт хүслээ.

Үүний дараа зочид ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн зарим лаборатори болон Агропаркийн үйл ажиллагаатай танилцлаа.