Солонгос улсын нийслэл СӨҮЛ хотноо “Tackling Urban Air Pollution: Best Practices in East Asia” сэдэвт сургалт, "7th Northeast Asia Forum on Air Quality Improvement" сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдаж, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш, доктор (Ph.D) М.Хишигжаргал болон ХААИС –ийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбат нар амжилттай оролцлоо.
Энэхүү олон улсын хуралд Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлууд болон хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын чанарыг сайжруулах боломж, түүний судалгааны тухай илтгэл хэлэлцүүлсэн байна.
Мөн тус хурлыг зохион байгуулж буй ICLEI – Local Governments for Sustainability East Asia Secretariat (ICLEI EAS) болон EACAC – East Asian Clean Air Cities олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ХААИС –ийн инновацийн бүтээлүүдийн нэг болох Био-нүүрсэн бортого болон бионүүрсийг хотын ногоон байгууламжинд ашиглах, ногоон байгууламжийн агаарын чанарыг сайжруулах судалгаа- тооцооллыг тогтоох чиглэлээр богино хугацааны судалгаа- хөгжлийн “Green Lung” сэдэвт төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү судалгаа-хөгжлийн төсөлд Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн дэргэдэх “Эко-эмч” судалгааны баг, БОНХЯ-ны уур амьсгал – хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох нэгжийн мэргэжилтнүүд, Экосистемийн судалгааны төвийн судлаачид мөн ХААИС –ийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хамтран оролцох юм.