БНЧУ-ын ХАА-н Дэд сайд Павел СЕКАЧ, ХАА-н яамны Ойн бодлого, аж ахуйн газрын дарга Томаш КРЭЕЗАР, Дэд сайдын Нарийн бичиг Хатагтай Павлина ВАШИЧКОВА, мөн яамны Ойн хамгааллын хэлтсийн Дарга Ийржи БИЛИ, Натурал компанийн төслийн менежер Зузана Биниова, БНЧУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олдржих ЗАЫЧЕК нар /2017.06.13/ ХААИС-д зочилж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд БНЧУ-ын ХАА-н Дэд сайд, ноён Павел СЕКАЧ, Монгол улсын хүн амын багагүй хэсэг нь чех хэлээр ярьдаг нь манай хоёр орон олон жил хамтран ажиллаж ирсэний гэрч юм. Манай улсад ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дээд сургууль, суурь бааз байгаа тул энэ чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэх боломжтой. Аливаа ажлыг хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардлагатай ч энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Манай хоёр орон боловсрол, шинжлэх ухаан, тээвэр, уул уурхайн салбарт хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй. Миний бие ч танай сайхан оронд эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ мэт манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан танай улсын Засгийн газар, ард иргэдэд талархаж буйгаа илэрхийлье.
Сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой өсөж байна. Иймээс малын эрүүл мэнд, үржил шимийг сайжруулах, дээшлүүлэх талаар хамтран ажиллахад та бүхний дэмжлэг хэрэгтэй. Монгол Улс өргөн уудам нутагтай, МАА болон газар тариалан эрхлэхдээ ШУ-ны үндэслэлтэй ашиглах нь чухал. Энэ чиглэлийн судалгааг манай сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хийдэг болохыг онцлон хэллээ.
Үүний дараа сургуулиа танилцуулж, тус улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Бэлчээрийн мал аж ахуй, зэрлэг амьтдын хамаарал” сэдэвт төслийн үр дүн, багш солилцооны хөтөлбөрийн талаар ярилцлаа.
Төслийн менежер
Зузана Биниова зохиомол хээлтүүлэг, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг Натурал компаний талаар товчхон танилцуулав. Дээр дурьдсан төслийн
хүрээнд манай багш нар тус компанид очиж дадлага хийсэн байна. Чехийн хөгжлийн агентлагаар дамжуулан хэрэгжих
төслийн нэг нь Эрдэнэт хотод Мах комбинат барих төсөл юм. Мөн түүнчлэн нэг суманд загвар мал эмнэлэг
барих, зохиомол хээлтүүлэг хийх чиглэлээр Хувийн мал эмнэлгүүдийн холбоотой
хамтран төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байгаагаа хэллээ.
Захиргааны албаны дарга Ц. Сүхтулга дэд сайд ноён Павел СЕКАЧД хандан, Европын Холбооны санхүүжилт, шинжлэх ухаан, судалгаа, сургалтын асуудал хариуцдагийн хувьд төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарлаа хандуулахыг хүслээ.
Төлөөлөгчид цаашид хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.