ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургуулийн дэргэд мод бойжуулах зургаан хүлэмж ашиглалтанд орлоо

Нийтлэгч : .
Огноо: 2017-06-21 13:32:17

Монгол-Чехийн хамтарсан “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийн хүрээнд ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургуульд иж бүрэн усалгааны систем бүхий Мод бойжуулах зургаан хүлэмж ашиглалтанд орлоо. Мөн ойн үрийн лаборатори байгуулж, нарс, гацуур, шинэс болон навчит модны 50000 ширхэг тарьцыг “Патрик” технологиор бортоголон суулгасан байна. Мэргэжилтнүүдийн ажиллах ажлын байрыг ч барьж дуусгажээ.

Тус төслийг БНЧУ-ынБрандис над Лабем”  Ойн Менежментийн Институт, Монгол Улсын Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  яам болон түүний дэргэдэх Ойн судалгаа хөгжлийн төв, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахьАгроэкологи Бизнесийн сургууль,  Хонгор сумын Ойн анги, Хонгор сум, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран гүйцэтгэж байна.

Төсөл БНЧУ-ын талаас 24, 579, 976 чех крон буюу  ойролцоогоор 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн хэрэгжиж буй юм.

Цаг уурын өөрчлөлт, улам эрчимжиж буй энэ үед цөлжилтийг сааруулахад ой чухал  үүрэг гүйцэтгэж байна. Манай орны хувьд ойг хөгжүүлэх урт хугацааны ойн хөгжлийн төлөвлөлт болон орон нутгийн ой модны экологийн төрөл зүйлийн генийн санг хадгалж үлдэх,  нөхөн сэргээх  найдвартай систем дутагддаг. Чех улсын туршлагад үндэслэн эдгээр арга аргачлалыг тус улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нэвтрүүлж, ашигласнаар ойн сан/ой бүхий орон нутагт тулгараад байгаа доройтлыг зогсоох, хөнөөлд учирсан газар нутагт ойжуулалт хийх ( ойн түймэр, хортон шавьж), байгаль экологийн төрөл зүйл болон  цөлжилтийн улмаас  элэгдэлд орсон газрыг сэргээх боломжтой юм.  

 

Төслийн хүрээнд Чех, Монголын мэргэжилтнүүд ойн хөгжлийн Бүс нутгийн төлөвлөгөөг боловсруулах урт хугацааны төлөвлөлтийн  арга аргачлалыг сайжруулж боловсронгуй болгох аж.  Эдгээр арга аргачлал нь тогтвортой ойн хөгжлийн менежментийн зарчмууд дээр тулгуурлах бөгөөд  тухайлбал Монгол улсад ойн генийн санг хамгаалан хөгжүүлэхийн тулд ойн экологийн төрөл зүйлийн байршлыг тогтоох, тодорхойлох, олж таних зэрэг ажлууд багтжээ.

Газар дээр нь хийсэн судалгаанд үндэслэн Чехийн мэргэжилтнүүд сургалтын материал, заах арга зүйг улам сайжруулахад Монгол хамтрагчтайгаа хамтран ажиллахаас гадна орон нутгийн ажилтнуудад тодорхой ажлын дадлага олгоно.

Чанартай үржүүлгийн материал гаргаж авах үүднээс хоёр загвар төвийг байгуулж, эко бортогонд үрслүүлэх технологийг нэвтрүүлж байгаагаас гадна олон нийтэд сургалт явуулж мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулж байна.