Малын эрүүл мэнд, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр 8,4 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжинэ

Нийтлэгч : .
Огноо: 2017-06-21 13:42:40

 

Малын халдвартай болон халдваргүй өвчнийг тандан судлах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр 5 жилийн хугацаатай  8,4 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжихээр эхний хэлэлцээрүүдээ хийж байна.

Төслийн хүрээнд малын өвчлөлийг хянах, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мал эмнэлгийн сургалт, судалгааны эмнэлэг барих бөгөөд ХААИС, БНСУ-ын Чежүгийн үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлэх юм. Мөн тус эмнэлгийн дэргэд мэргэжилтнүүдийн ажлын байрыг барьж багш, судлаачид харилцан туршлага солилцох боломж бүрдэнэ.

Төслийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг судлах, дүгнэлт гаргах зорилгоор Korea Rural Community Corporation-ны Хамтын ажиллагааны албаны дарга Ли Хеок Жү, орлогч дарга  Ли Жи Сеонг, Чэжүгийн Үндэсний их сургуулийн профессор Ли Кёонг Кап нар зургаадугаар сарын 13-16нд ХААИС-д ажиллалаа. 

Дашрамд сонирхуулахад, ХААИС нь судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд сүүлийн хоёр жилд Олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр сургалт, судалгааны 28 лабораторийг шинээр ашиглалтад оруулж, энэ нь нийт сургалтын төлбөрийн орлоготой харьцуулахад 60 орчим хувийг эзэлж байна.