“Малын гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болов

Нийтлэгч : .
Огноо: 2017-04-28 17:00:56

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тэй хамтран зохион байгуулсан “МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт хэлэлцүүлэг 2016 оны 04 сарын 26-ны өдөр Эдийн Засаг Бизнесийн сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.     Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, ХАА-н бирж, Монголын хоршоологчдын үндэсний холбоо, Монголын Махны холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын сүүний холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мах маркет компани, Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжлийн төслийн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын төлөөлөл, олон улсын, төслийн байгууллагын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцлоо. 

Мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлын нэг түүхий эдийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр мал  аж ахуйн түүхий эд бэлтгэлийн тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, стандарт, мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах хувилбарт саналууд зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцсэний үндсэн дээр  мах, сүү, ноос, ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогч талууд санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа.

Хэлэлцүүлгийн дүнд малын гаралтай түүхий эдийн тогтолцоог хөгжүүлэх асуудлаар судалгааны ажлын үр дүн, оролцогч талуудын саналыг төрийн бодлогын арга хэмжээнд тусгуулах санал боловсруулан хүргүүлэхээр болов.

Оролцогч талуудын хамтын хүчин зүтгэл, чармайлтын үр дүнд тус хэлэлцүүлэгээс гарсан санал, санаачлагууд амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

ХААИС ЭЗБС-ийн Эрдмийн Зөвлөл