"Газар тариалан-2017" эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал өнөөдөр /2017.05.02/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Хурлыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас ХХААХҮЯ, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм.
Тус хурлаар нутагшсан сортуудын үр үржүүлэг, үрийн аж ахуйн бодлого, тогтолцоо, Хөдөө аж ахуйн таримлын селекци, сорт сорилт, Шинэ таримлын сорт шалгаруулалт, Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон агротехнологиуд, Органик таримлын үйлдвэрлэлийн болон ургамал хамгаалах технологийн чиг хандлага зэрэг асуудлаар 30 гаруй эрдэмтэн, судлаачийн бэлтгэсэн 13 илтгэлийг хэлэлцүүллээ.
Хуралд ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Нийслэлийн ХХААГ-ын орлогч дарга Д.Пүрэвсүрэн, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн болон ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд оролцов.
Хурлыг нээж ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хэлсэн үгэндээ, “Газар тариалан-2017” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү хурлаар газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилт, үйл ажиллагаа болон туршилт, судалгааны ажлын уялдааг хангах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор шинэ гарсан техник технологи, таримлын сорт болон цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлалыг талаар эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг хэлэлцэж, тодорхой зөвлөмж гаргана гэв
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, “Газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрүүдийн үр дүнд бид өнөөдөр дотоодын хэрэгцээт үр тариа, төмсөө 100 хувь, хүнсний ногооны 50 орчим хувийг ханган амжилттай ажиллаж байна.
Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг илүү тогтвортой, үр ашигтай хөтлөн явуулахын тулд технологийн болон бүтэц зохион байгуулалт, хөрөнгө, санхүү, татвар зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий. Ялангуяа үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээл, техникийн таримал ургамлын нутагшсан сортын тоог нэмэгдүүлэх, чанар сайтай үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдэл эвдрэлээс хамгаалах, бордооны хангамж хэрэглээг нэмэгдүүлэх, таримлын нэр төрлийг олшруулах, техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх зэрэг олон тулгамдсан асуудал байгааг онцоллоо.