Кыргызстан улсын Манас их сургуулийн захирал, профессор Сабахатчин Балжи тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д /2017.05.04/ зочилж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хоёр сургууль цаашид сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд тусгасан байна. Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хамтын ажиллагаагаа эхлүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлээд сургуулийнхаа талаар танилцуулж, сонирхсон асуултад нь хариуллаа.
Кыргызстан улсын Манас их сургууль нь 1995 онд байгуулагдсан. Эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг, хууль, эрх зүй, ХАА, мал эмнэлэг, боловсролын чиглэлээр сургалт явуулдаг. Нийт 9 факультеттай. Магистр, докторын 33, бакалаврын 46, мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн 9 хөтөлбөрөөр тус тус мэргэжилтэн бэлтгэдэг аж. Нийт 6000 гаруй оюутантай бөгөөд 14 орны оюутан залуус боловсрол эзэмшдэг байна. Сургалтаа турк хэлээр явуулдаг. Мөн орос, англи хэлээр суралцах боломжтой гэв. Тус сургууль нь 18 улсын 57 сургуулийг эгнээндээ нэгтгэсэн Төв Азийн их, дээд сургуулиудын холбооны гишүүн сургууль аж.