“Инженерийн боловсролыг эргэн харахуй - CDIO стандарт арга зүй” хөтөлбөр ХААИС дээр амжилттай хэрэгжиж байна

Нийтлэгч : .
Огноо: 2017-09-25 11:41:05

 

Монгол Улсын БСШУСЯ, Сингапур улсын “Темасек сан”, тус улсын Политехникийн их сургуультай хамтран Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Инженерийн боловсролыг эргэн харахуй - CDIO стандарт арга зүй” хөтөлбөрийн эхний шатны хаалтын ажиллагаа 2017 оны 9-р сарын 22-ны өдөр боллоо. МУИС, ШУТИС, ХААИС зэрэг Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудыг хамруулсан тус хөтөлбөрийн хүрээнд манай улсаас нийт 100 гаруй сургагч багшийг бэлтгэснээс 20 нь мастер багш болсон байна. 

ХААИС-ийн хувьд Инженер, технологийн сургуулийг түшиглэн тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Эхний шатны хаалтын ажиллагааны хүрээнд Сингапурын Политехникийн их сургуулийн захирал Со Вай Вэ, тус сургуулийн гадаад харилцаа хариуцсан менежер Чиа Хуй Ён нар ХААИС-д зочилж, CDIO стандарт арга зүйг сургалтад нэвтрүүлсэн үр дүн болон хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. 
Зочид төлөөлөгчдийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Сургалт хариуцсан дэд захирал Б.Буянзаяа, Захиргааны асуудал эрхэлсэн дэд захирал Ө.Лхагвасүрэн, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд болон  CDIO стандарт арга зүй хөтөлбөрт хамрагдсан мастер багш нар угтан авч уулзлаа.  

Уулзалтын үеэр ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга зочдод сургуулийнхаа талаар товч  танилцуулаад, “ХААИС Инженер, технологийн сургуулиас эхлээд бүх хөтөлбөрүүддээ CDIO стандарт арга зүйг сүүлийн 2 жил нэвтрүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ХААИС-ийн сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх, чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа” гээд  хөтөлбөрийн хүрээнд ХААИС-аас бэлтгэгдсэн гурван мастер багш CDIO стандарт арга зүйг сургалтад нэвтрүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Сингапурын политехникийн их сургуулийн захирал Со Вай Вэ CDIO стандарт арга зүйн тухай “Ази дахь дээд боловсролын системд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сингапурын Политехникийн их сургууль гол үүрэг гүйцэтгэж буйд баяртай байдаг. Монголын их, дээд сургуулиудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2015 оноос ажиллаж эхэлсэн. CDIO стандарт арга зүй хөтөлбөрийн мастер багш нарын төлөөлөл энд байгаад маш их баяртай байна. Бидний хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ. 
Мөн энэ үеэр Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам, Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн тэнхимийн эрхлэгч Ө.Ганбат нар CDIO стандарт арга зүйг ХААИС дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар илтгэл танилцууллаа.   
CDIO стандарт арга зүй хөтөлбөр нь эдүгээ дэлхийн 100 гаруй их дээд сургуулиудад амжилттай хэрэгжиж буй юм. ХААИС-ийн хувьд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Инженер, технологийн сургуулийн “Инженер механикийн хөтөлбөр”-ийг олон улсад магадлан итгэмжлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байгааг сургуулийн удирдлагууд онцолж байлаа.