ОЮУТНЫ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Нийтлэгч : .
Огноо: 2017-10-18 16:19:04

Япон улсын Токиогийн ХААИС нь “Шинэ зууны Хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин” сэдэвт Оюутны олон улсын чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн 12 дахь удаагийн чуулга уулзалт Students Taking Action to Address Inequality Through Greater Access to Resources and Knowledge in Order to Promote Sustainable Agricultureбуюу Тогтвортой Хөдөө Аж Ахуйг дэмжих үйл ажиллагаанд тэгш бус байдал гаргахгүй байхад оюутнуудын оролцоо сэдвээр 2017 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Тайваний Чун Шины үндэсний их сургуульд зохион байгуулагдсан юм.

Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус уулзалтад оролцох нэг оюутныг сонгон шалгаруулж, оролцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад оролцохоор гурван оюутан материалаа ирүүлж, илтгэлээ хэлэлцүүлсэнээс ИТС-ийн хоёрдугаар курсийн оюутан Э.Уянга шалгарч Оюутны олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцоод ирлээ.

Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга тус хуралд оюутан Э.Уянгын зөвлөх багшаар оролцсон бөгөөд энэ үеэр бусад сургуулиудтай холбоо тогтоох, хамтран ажиллах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, Чун Шиний их сургуулийн МЭС-ийн удирдлагатай уулзсаны зэрэгцээ профессор Оргилыг тус сургуульд ирэх оноос ажиллуулах талаар санал солилцсон байна. Мөн тус сургуулийн багш, адуу судлаач, доктор Лин 2018 оны зун оюутнуудын хамт манай МЭС-тай хамтран дадлагын ажил гүйцэтгэх бөгөөд цаашид өргөжүүлэн төсөл болгох талаар ярилцав. Үүний зэрэгцээ Гадаад харилцааны албаны дарга Ми Мен Чентэй уулзаж, оюутан солилцох чиглэлээр санал солилцсон бөгөөд тэтгэлэгийг тухай бүрд нь цахим хуудсаар дамжуулан зарлахаар боллоо.

Мөн хурлын үеэр АНУ-ын Мичиганы их сургуулийн профессор Жой, Гадаад харилцааны албаны ажилтан Сара Таки нартай уулзаж, тус сургуульд ахисан шатны сургалтад хөнгөлттэй хамрагдах боломжийг судлан цаашид хамтран ажиллахаар болов.  Канад улсын Бритиш Колумбиягийн их сургуулийн Газар, ус судлалын хөтөлбөрийн захирал Лэс Лавкуличтай уулзаж, ХААИС-иас оюутан суралцуулах талаар санал солилцлоо.

Хурлын дараа Пинтуны Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочилж, тус сургуулийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Жорж, ХАА олон улсын сургуулийн захирал Филипп болон тус сургуульд Монгол улсаас суралцаж буй 7 оюутантай уулзаж, санал солилцов. Тус сургууль Монголоос 20 хүртэлх тооны магистрант, докторант суралцуулах боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

Оюутан солилцоо болон тус улсын Засгийн газрын тэтгэлэгийн талаар өнөөдөр Тайваниас Монгол улсад суугаа Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгч Хуан Куо Рунтай уулзаж ярилцсан байна. Удахгүй тус улсаас зарлах тэтгэлэгийн талаар мэдээлэхээр боллоо.