ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛЬТАЙ “ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” МАГИСТРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Нийтлэгч : .
Огноо: 2017-10-19 18:42:10

ХААИС-ийн Магистр докторын сургууль, Хууль сахиулахын их сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль хамтран “ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”  магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичиг байгуулсан юм. Дээрх санамж бичгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх журам боловсруулан, хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг батлах хамтарсан тушаалд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2017.10.19/ Хууль сахиулахын их сургуулийн Сүлд танхимд боллоо.

Ёслолд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, Цагдаагийн хурандаа С.Баатаржав, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга О.Зоригт, Хөтөлбөрийн дэд хорооны дарга, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболд, Ахисан шатны хөтөлбөрийн менежер А.Амарсайхан, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор Г.Гантулга, Магистр докторын сургуулийн захирал, профессор Б.Баттөр, МДС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Д.Байгалмаа нар оролцлоо.

Хамтарсан санамж бичигт доорхи зүйлийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, “ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”  магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний хурал, семинарт багш, судлаач нараа хамтран оролцуулах, Эдийн засгийн аюулгүй байдал судлалыг хөгжүүлэх, бодлогын судалгаа хамтран хийх, энэ чиглэлийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох гэх мэт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тусгажээ.

Энэ үеэр хоёр их сургуулийн удирдлага цаашид энэ хөтөлбөрийг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ёслолын дараа тус сургуулийн түүхэн музей, Ахисан шатны боловсролын сургууль, номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.