ХААИС "Бэлчээрийн мал сүрэг ба зэрлэг амьтдын харилцан үйлчлэлийг судлах" төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Нийтлэгч : .
Огноо: 2017-09-07 17:15:26


Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн салбарт төдийлөн яригдаж байгаагүй Бэлчээрийн мал сүрэг, зэрлэг амьтдын хоорондын харилцан үйлчлэлийн асуудлыг судлах, Монголын их дээд сургуулиудын мал аж ахуй, мал аж ахуй болон зэрлэг амьтдын харилцан шүтэлцээ, зэрлэг амьтны менежментийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Чехийн Прагын ХААИС, Монголын ХААИС  болон ШУА хамтран 'Бэлчээрийн мал сүрэг ба зэрлэг амьтдын харилцан үйлчлэлийг судлах' төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд бэлчээрийн МАА-г яаж зөв хөгжүүлэх вэ, зэрлэг амьтдаа яаж хамгаалах вэ  гэдэг дээр бас судалгааны дүнд хариулт өгч, Төрийн захиргааны шийдвэр гаргагчдад энэ чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүлэх боломжтой болж байгаад ач холбогдол нь оршиж байгаа юм. Бэлчээрийн МАА-тай харьцуулбал зэрлэг амьтдын судалгаа маш бага байдаг. Тийм учраас бэлчээрийн МАА-г хөгжүүлэхэд зэрлэг амьтдын нөлөө асар их байдаг. Тухайлбал, малын гаралтай өвчин бэлчээрийн МАА-гаас зэрлэг амьтад руу шилжиж байна уу, зэрлэг амьтдаас бэлчээрийн МАА-руу шилжиж байна уу гэдэг харилцан үйлчлэлийг судлах нь  их чухал. Тухайлбал, цагаан зээр, бөхөн, хулан, хавтгай гээд олон амьтад өвчинд өртсөн, эргээд тэдгээр амьтдаар хооллодог махчин амьтдын өвчлөх магадлал өндөр болж байна. Түүнчлэн бэлчээрийн МАА-н тоо толгой, хамрах хүрээ нэмэгдээд ирэхээр зэрлэг амьтдын амьдрах орчин хязгаарлагдаад эхэлж байна. Тэгэхээр МАА- дээр зохистой тоог барьж, бэлчээрийн даацаа зөв тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байна. Бас нэгэн чухал зүйл бол, усны нөөцийн асуудал. Зэрлэг амьтдын ус уудаг, ундаалдаг тэр газар бэлчээрийн МАА эрхэлж буй малчид очоод буучихдаг. Тэрнээс үүдэн зэрлэг амьтад өсөх үржих, дархлаагаа сайжруулах нөхцөл нэлээд буурч, өөр тийш нүүх нүүдэл нэмэгдэж байна гэх мэтчилэн олон асуудлуудыг нэн даруй судлах хэрэгтэй. Жишээ нь, Монгол Алтайн нэг аргалийг гадныханд 200 орчим сая төгрөгөөр агнуулдаг. Тэгэхээр эдийн засгийн тооцоо талаас нь аваад үзвэл, нэг аргаль 1000 орчим хоньтой тэнцэж байгаа юм. Тэгэхээр төслийн хүрээнд бэлчээрийн мал сүрэг болон зэрлэг амьтдын эдийн засаг, экологийн талаасаа зохистой харьцааг бий болгохыг зорьж байгаа юм. Нэн ялангуяа бэлчээрийн МАА эрхэлж буй малчид  байгаль орчноо хамгаалах, эргээд түүнийгээ ашиглах боломжийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл ашиглагч нь хамгаалдаг, хамгаалагч нь зүй зохистой ашиглаж чаддаг менежментийг бий болгоход төслийн ач холбогдол оршиж байгаа юм.


Энэхүү төслийн зуны сургалтын нээлт өнөөдөр ХААИС дээр боллоо. Нээлтийн үеэр ХААИС- ийн ректор Т.Хэрүүгаа хэлсэн үгэндээ “ХААИС дээр сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн төслүүд хэрэгжиж байгаа. Түүний нэг нь өмнө нь Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн салбарт төдийлөн яригдаж байгаагүй Бэлчээрийн мал сүрэг, зэрлэг амьтдын хоорондын харилцан үйлчлэлийн асуудал юм. Энэ чиглэлд манай судлаачид нэлээд дорвитой судалгаа хийх, энэхүү харилцан үйлчлэлийг зөв тогтоох,  эерэг сөрөг нөлөөнүүдийг судалж, сөрөг нөлөөг бууруулж, эерэг нөлөөг бий болгох талаар оюутнуудтайгаа хамтраад судалгаа хийж байгаа. Энэ хүрээнд оюутнуудад зориулсан зуны сургалтыг зохион байгуулж байна. ХААИС дээр Биологи, агнуур зүйн анги хичээллэдэг мөн газар тариалан, МАА, экологи, байгаль хамгааллын чиглэлээр сургалтууд байгаа. Тэгэхээр энэ ангийн оюутнууд энэхүү зуны сургалтанд хамрагдаж, Монгол оронд ихээхэн тулгамдаад байгаа асуудлын нэг болох зэрлэг амьтдын тархац нутаг багасч тоо толгой бууруулахад нөлөөлж буй мал сүрэг болон байгалийн гамшгийн нөлөөллийг тогтоох, түүнийг хэрхэн бууруулж болох талаар судлах боломж  бүрдэж байна. Хээрийн сургалтын үеэр оюутнууд хөдөө хээр зэрлэг амьтдад ойртон очиж судалгаа хийнэ” гэсэн юм.

Чехийн Амьдралын ухааны Их сургуулийн тэнхимийн эрхлэгч Каролина Брандлова “Хэдийгээр бид Европын төв хэсэгт эрчимжсэн МАА эрхэлдэг улс оронд амьдардаг хэдий ч манай сургуулийн хувьд энэ чиглэлийн судалгаа нэлээд өргөн хүрээг хамардаг. 20 гаруй жилийн туршид Монгол оронтой төстэй бэлчээрийн МАА эрхэлдэг улс орнуудад судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай явуулсан. Түүнээс гадна Монгол орны хувьд бэлчээрийн МАА, зэрлэг амьтдын харилцан хамаарал бий. Гол нь малын тоо толгой өсөөд бэлчээрийн хомсдолд орж байгаа нь  зэрлэг амьтдын өсөлт, хөгжилтөд нөлөөлөх магадлалтай байгаа учраас түүн дээр хэрхэн яаж менежмент хийвэл үр дүнд хүрэх вэ, байгалийн нөөцийг хэрхэн зөв ашиглаж зэрлэг амьтдын тоо толгойг тогтвортой байлгах вэ гэдэг туршлагаасаа хуваалцах юм. Туршлагаас харахад, бэлчээрийн МАА эрхэлдэг ихэнх улс оронд  малынхаа тоо толгойг өсгөх зорилгоор тусгай хамгаалалттай нутгийнхаа хэмжээг багасгах, түүн рүүгээ малаа оруулж бэлчээрийг идүүлэх гэх зэрэг үзэгдлүүд нэлээн гардаг. Энэ нь тухайн үедээ болоод байгаа юм шиг боловч яваандаа бэлчээрийн даац байхгүй болж, зэрлэг амьтад байтугай бэлчээрийн мал сүрэг бэлчих газаргүй болчихдог. Тэгэхээр энэ нь зэрлэг амьтдыг хамгаалаад байгаа юм шиг боловч урт хугацаандаа бол бэлчээр, бэлчээрийн МАА-г  хамгаалах асуудал юм”.

Зуны сургалтанд ХААИС, МУИС болон МУБИС-ийн биологи, биологийн нөөц судлал, экологи, зэрлэг амьтан судлалын менежмент чиглэлээр суралцаж буй 80 гаруй оюутнууд, багш нар оролцож байна. Харин танхимын сургалт энэ сарын 4-8 хүртэл Улаанбаатар хотод явуулан нийт оролцогчдоос хамгийн шилдэг 25 оюутныг сонгон шалгаруулж Говьсүмбэр аймгийн Чойрын Богд уул, МУ-ын тусгай хамгаалалттай газарт  зохион байгуулагдах юм. 

Төслийн эхний жилийн санхүүжилт нийт 1.3 сая чех крон, хоёр дахь жилийн нийт санхүүжилт 1.5 сая крон бөгөөд зуны сургалтуудаас гадна гурван талын хамтарсан судалгааны ажил, их сургуулиудын сургалтын материалыг сайжруулах болон хичээл сургалтын материал, хэрэгслээр хангах ажлууд хийгдэж эхлээд байна.

Мөн төслийн хүрээнд Чех улсаас ХААИС-ийн Мал аж ахуй Биотехнологийн сургуулийн Ан агнуур, биологийн сургалтыг сайжруулах, судалгаа хийхэд тусламж болгон судалгаа болон генетикийн лабораторийн тоног төхөөрөмж зэргийг олгохоос гадна сургалтын төлөвлөгөө, сургалтын материалыг бэлтгэх зөвлөгөө өгч чанарыг сайжруулахаар зорин ажиллаж байна.

Уг төсөл хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулан ХААИС-аас багш Ч.Ууганбаяр, Магсаржав нар Прага хотод зочлон Прагын ХААИС-ын зэрлэг амьтан судлал, сургалт судалгаатай танилцан туршлага солилцоод иржээ.