Хөдөлмөрийн баатар, МУ-ын тод манлай уяач, ХААИС-ийн хүндэт профессор Д.Даваахүү “Уяачийн эрдэм” лекцээ ХААИС-ийн хурдан морь сонирхогч, оюутан залууст уншиж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, оюутан залууст үнэтэй зөвлөгөө өгч буй түүнд, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүний хамт дээжлэн барьж, сайн сайхныг ерөөлөө.
ХААИС-ийн оюутан, залуусын санаачилгаар “Морьтон” клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус клубын зорилго нь, үндэсний уламжлалт морин уралдааныг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, монгол адууы өв соёл, үндэсний бахархал, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болох тухай уламжлал, шинэчлэлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд улсын алдар цолтой уяачид болон адуу судлаач эрдэмтдийн лекцийг 10 гаруй удаа зохион байгуулж, 1000 гаруй сонирхогч оюутан залуус хамрагджээ.
Тус клубын оюутан, залуусын санаачилгаар дээрх арга хэмжээ /2017.11.30/ болсон бөгөөд сургуулийн удирдлага, хурдан морь сонирхогч оюутан залуус оролцлоо.