Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, HҮБ-ын ХАА-г хөгжүүлэх Олон улсын сантай хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ - 2017” зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Эдийн засгийн тулгуур салбарын тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрхзүйн таатай орчин бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэл, оролцоог тодорхой болгох зорилгоор ХХААХҮЯ-аас санаачлан уг уулзалтыг зохион байгуулсан юм.
Мэдлэгийг “баялаг” болгох үндэсний тогтолцоог бүрдүүлнэ
ХХААХҮ-ийн салбарын тэргүүн зорилтын нэг бол Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэмүү өртөг шингээж дэлхийн зах зээлд худалдаалах мөн экспортлогч орон болоход чиглэнэ хэмээн Сайд Б.Батзориг онцлон хэллээ.
Манай улсын нийт экспортын 83.6 хувийг боловсруулалт хийгдээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 13.8 хувийг хагас боловсруулсан болон технологийн нам агууламжтай бүтээгдэхүүн, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.86 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.06 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Иймд ХХААХҮ-ийн салбарт технологийн хоцрогдлыг бууруулах шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэвшилтэт зарим технологийг гадаадын орнуудаас нутагшуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Шинжлэх ухаанд суурилж технологи, технологид суурилж үйлдвэрлэл, түүнд тулгуурлаж салбарын цаашлаад улс эх орны хөгжлийг тодорхойлох учиртай. Иймээс эрдэмтэн багш, судлаачид та бүхний мэдлэгийг “баялаг” болгох үндэсний тогтолцоог сайжруулах тал дээр салбар яам онцгой анхаарч ажиллана гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.
Зөвлөлдөх уулзалтад эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн 200 орчим төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр шинээр бий болсон шинжлэх ухааны ололт, үр дүнг танилцуулах “ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН” зохион байгуулагдаж эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, гарааны компаниудын нийт 30 орчим байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “ХАА-н шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх инновацийг хөгжүүлэх асуудалд” илтгэлдээ ХАА-н салбарын өнөөгийн хөгжил нь үйлдвэрлэлийн нам технологид тулгуурласан, нөөцөд дулдуйдсан, экологид ээлгүйн зэрэгцээ газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг харьцангуй бага нөгөө талаар өрсөлдөх чадвар бага, эрсдэлд өртөмхий зэрэг сул тал байгааг дурдаад цаашид уг салбарын хөгжлийг экологид ээлтэй, мэдлэгийн эдийн засгийн баримжаатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөгжлийн чиг хандлагатай хөгжүүлэх шаардлага бий болсоныг тэмдэглэж байлаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ мэдлэг, инновацийн оновчтой, үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх хэрэгцээ зүй ёсоор урган гарч байгаа билээ.
Одоогоор тус салбарт хэрэгжүүлж буй нийт судалгааны төслийн 90 орчим хувийг ХХААХҮЯ захиалсан байдаг ба төслийн явцын хяналт, үнэлгээ, үр дүнг хүлээн авч үйлдвэрлэлд ашиглах үр дүнтэй механизм хөгжөөгүй байгааг бас дурдсан юм.
Зөвлөлдөх уулзалтаар салбарын шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийг хөгжүүлэх, гарааны компаниудын бойжилт зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. ХХААХҮ-ийн салбарын бодлого, үйл ажиллагаанд олон талт оролцогчдын санал, зөвлөмжийг тусгаж, салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааны чиглэл, оролцоог тодорхой болгосон нь зөвлөлдөх уулзалтын нэг чухал үр дүн байлаа.
Уг зөвлөлдөх уулзалтаас улс орны эдийн засагт салбарын гүйцэтгэх үүрэг, үр нөлөөг дээшлүүлэхийн тулд юуны өмнө оролцогч талуудын үр дүнтэй, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийн тогтолцоог бүрдүүлэх улмаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, эрсдлийг бууруулах, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн болно.
Салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд юуны өмнө хөгжлийн суурь буюу тулгуур асуудал болох хөрсний үржил шимийг хамгаалах, малын тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, байгалийн болон биологийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон технологи ашиглах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг юуны өмнө хамтын хүч оролцоотой, цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг оролцогсод тэмдэглэж байлаа.