Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны санаачлагаар МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд 95 их, дээд сургуулийн 870 орчим эрдэмтэн, багш, удирдах ажилтнууд оролцжээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэхүү зөвлөгөөний зорилгыг “...МУ-ын дээд боловсролын салбарын хөгжлийн өнөөгийн байдалд оношилгоо хийх, үнэлгээ, дүгнэлт өгөх, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашдын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, улмаар дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн...” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрээр “...МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд профессор, багш, судлаачдын идэвхтэй, хариуцлагатай, ёс зүйтэй үйл ажиллагаа, бүтээлч санал санаачлага, хүчин чармайлт маш чухал юм...” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Аливаа улс орны нийгмийн хөгжилд их, дээд сургуулиуд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүнд: Нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, нийгмийн хөгжлийг түүчээлэх шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хэрэглээ, баялаг болгох мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зэрэг асуудлууд багтдаг. Дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил өнөөдөр боловсролын салбарт ч өөрчлөлт шаардаж байгаа тухай холбогдох албан тушаалтнууд цохон тэмдэглэж байлаа. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангасан, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах чадвартай төгсөгч бэлтгэн гаргахын тулд их, дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах шаардлагатай байгаа талаар их, дээд сургуулиудын төлөөллүүд хэлж байв. Мөн тус зөвлөгөөнөөр Монгол улсад дэлхийн их сургуулиудын жишигт нийцсэн судалгааны их сургуулийг хөгжүүлэх асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэж, энэ чиглэлээр зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Зөвлөгөөний хүрээнд Дээд боловсролын засаглал, эрх зүй, санхүүжилт; Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл; Багшийн хөгжил; Оюутны хөгжил; Судалгаа, инновацийн хөгжил гэсэн 5 салбар хуралдааныг зохион байгуулсан байна. Нэгдүгээр салбар хуралдаан буюу Дээд боловсролын засаглал, эрх зүй, санхүүжилтийн хуралдааныг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга удирдан явуулсан бөгөөд Тавдугаар салбар хуралдаан дээр тус их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх” сэдвээр илтгэл тавьсан болно.
Тус зөвлөгөөний давуу тал нь салбар хуралдаан тус бүр асуудал дэвшүүлж, зөвлөмж гарган дээд боловсролын салбарын өөрчлөлт, хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр идэвх санаачлага гарган ажилласан явдал боллоо.