ХААИС-ИЙН ХАРЪЯА МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛНО

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-01-31 10:59:39

 

ХААИС-ийн харъяа Мал эмнэлгийн хүрээлэн нь 1961 онд байгуулагдсан бөгөөд мал, амьтны өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, улмаар малыг эрүүлжүүлэх шинэ эм, биобэлдмэл зохион бүтээж, мал сүргийг эрүүлжүүлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр тус хүрээлэн нь судалгаа, шинжилгээний мэргэшсэн 11 нэгж (лаборатори), туршилтын амьтны вивар, Пробиотикийн үйлдвэрлэл-судалгааны төв, Уламжлалт мал эмнэлэг судлалын төв бүхий үндсэн 16 нэгж, гарааны 5 компаний бүтэцтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна. 

Шинээр нээлтээ хийж буй Мал эмнэлгийн хүрээлэнгийн Судалгааны лаборатори нь нийт 1722 м2 зай талбай бүхий 3 давхар барилга бөгөөд ажиллагсадын эрүүл ахуйн нөхцлийг хангасан, орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалт бүхий био-аюулгүй байдлын 1-2 дугаар зэрэглэлийн иж бүрэн лабораториуд, сургалт, семинар зохион байгуулах зориулалт бүхий хурлын заалтайгаар баригдсан байна. Мөн тус лабораторид Японы ЖАЙКА/AMЕД байгууллагын санхүүжилттэй SATREPS төслөөс 130 сая төгрөгийн үнэ  бүхий өндөр хүчин чадалтай цахилгааны автомат нөөц үүсгүүрийг суурилуулж өгсөн нь лабораторийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад чухал үр дүнтэй юм.

Ийнхүү Судалгааны лабораторийн шинэ байгууламж ашиглалтанд орсоноор мал эмнэлгийн салбарын туршилт, судалгааны ажлыг шинэ шатанд гаргах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх шинэ мэдлэг бүтээх орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

Тус судалгааны лабораторийн байгууламжийг албан ёсоор хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 02 дугаар 01-ний өдөр 09 цагт эхлэх бөгөөд та бүхнийг тус үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.