“Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний сэтгүүлийн шинэ дугаар цахим хэлбэрээр олны хүртээл боллоо

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-02-08 11:45:24

 

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академиас эрхлэн гаргадаг “МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН” буюу “Mongolian Journal of Agricultural Sciences” (Mong. J. Agric. Sci.) эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2017 оны 2 дахь дугаар Англи хэлээр цахим хэлбэрээр гарлаа.


Та бүхэн https://www.mongoliajol.info/index.php/MJAS холбоосыг дарж “Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийн шинэ дугаартай танилцаарай.


Энэхүү эрдэм шинжилгээний сэтгүүл нь жилд 3 удаа /Англи хэлээр 2 удаа, Монгол хэлээр 1 удаа/ цахим болон хэвлэмэл хэлбэрээр олны хүртээл болдог бөгөөд олон улсын болон дотоодын судлаачдаар мэргэжлийн түвшинд хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн нээлттэй (open-access) сэтгүүл юм.


“Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүл нь олон улсын бүртгэлийн системд бүртгэгдсэн цахим ISSN 2424-0722 (Online) ба хэвлэмэл ISSN2310-6212 (Print) дугаартай бөгөөд Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн INASP байгууллагын хүрээнд “Mongolia Journals Online” төсөлд хамрагдсанаар уг сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлд DOI (Digital Object Identifier, Цифровой идентификатор объекта) дугаар олгоно. Мөн Google Scholar хайлтын системд бүртгэгдсэнээр судлаач таны бүтээл олон улсын түвшинд хүртээл болж, бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс эшлэл авах боломжтой юм.  

Энэ удаагийн дугаарт хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд нь СС BY (Creative Commons) буюу бүтээлийг ашиглах, эшлэх, нийтлэхэд зохиогчийн нэрийг зайлшгүй дурдах эрх зүйн шаардлага бүхий оюуны бүтээлч хамтын тогтолцоо буюу нээлттэй лицензтэйгээр хэвлэгдэн гарлаа. СС (Creative Commons) нь Зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор зохиогч өөрийн туурвисан тухайн бүтээлийг нийтлэх, түгээх, хуулбарлах болон бусад үйлдлийг зөвшөөрөх эсэхийг зайлшгүй зааж өгөх асуудлыг интернэт ба зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хооронд уялдуулан шийдвэрлэсэн бөгөөд үнэгүй, олон нийтэд нээлттэй, стандартчилагдсан зохиогчийн эрхийн зөвшөөрлийн интернэт дэх шийдэл нь оюуны бүтээлч хамтын тогтолцоо юм. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг та http://creativecommons.mn/ холбоосноос үзнэ үү.


“Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийн англи хэлээр хэвлэгдэн гарах 2018 оны анхны дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүлээн авна. Та бүтээлээ journal_ac@muls.edu.mn цахим хаягаар явуулна уу.

Холбоо барих утас: 7510-7777-412
“Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийн зөвлөл