БИОЛОГИ, АГНУУР ЗҮЙ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАЖ БУЙ 3 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОВ

Нийтлэгч : .
Огноо: 2017-11-24 17:49:36

ХААИС нь Монгол Улсын хэмжээнд биологи, агнуур зүй хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж буй ганц сургууль юм. Тус хөтөлбөрийн хүрээнд ажил олгогч, оюутан судлаачидтай хамтран “Зэрлэг амьтны менежментийн сургалт, судалгаа, үйлдвэрлэл” сэдэвт уулзалтыг өнөөдөр /2017.11.24/ зохион байгууллаа.

 Мөн энэ үеэр “Ажийн болор”, “Лоок Монголия”, “Номадик Винд Трэйвл” зэрэг компани Баянхонгор аймгаас тус хөтөлбөрөөр суралцаж буй гурван оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон юм. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянцагаан, Галуут, Жинст сумаас энэ жил элсэн суралцаж буй Р.Батсүх, Б.Амартүвшин, О.Есүхэй нар дээрх тэтгэлэгийг хүлээн авлаа.

Тус уулзалтын үеэр ХААИС-ийн МААБС-ийн захирал О.Баатарцогт хэлсэн үгэндээ, Ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж, ажлын байраар хангах нь бидний хамгийн гол зорилго юм. Энэ үүднээс өнгөрсөн жил Баянхонгор аймгийн БОАЖГазар,  “Ажийн болор” ХХК-тай гурван талт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд оюутан залууст тэтгэлэг олгож байгаад ХААИС-ийн нийт эрдмийн хамт олон, оюутан залуусын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье гэсэн юм.

Сонирхуулахад тус хөтөлбөрөөр төгсөгчдийн 65 хувь нь ажлын байраар хангагдсан бөгөөд жил ирэх бүр эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа гэв. Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, уул уурхайн компани, орон нутгийн төрийн байгууллагуудад ажиллаж байгаагийн зэрэгцээ таван төгсөгч ХБНГУ, БНСУ, Хятад зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлж байгаа гэв.