“УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ФОРУМ - I ӨДӨР

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-04-16 20:41:38

ХХААХҮЯам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Монгол ногоо” төсөл хамтран “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” Үндэсний Форумыг 2018 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Corporate зочид буудалд зохион байгуулж байна. Тус форумыг ХААИС байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагч нь ХААИС болон НҮБ-ын ХХААБайгууллага юм.

Энэхүү форумд дээрх байгууллагуудын 160 орчим холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн, эрдэмтэн багш болон судлаач нар оролцож, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын талаар санал, бодлоо солилцов. ХААИС-ийн Газар тариалан, ургамал хамгааллын тэнхимийн эрхлэгч Б.Одгэрэл тус форумын зорилгыг “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд ямар асуудлууд тулгамдаж байгааг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, холбогдох газруудад санал, зөвлөмж хүргүүлэхэд оршино” хэмээн тодорхойллоо.

Өнөөдрийн хуралдаан дээр газар тариалангийн салбарын боловсон хүчний нөөц, тухайн мэргэжлээр суралцаж төгссөн төгсөгчийн мэдлэг, ур чадвар өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцэж буй эсэх; хүнсний ногоонд ашиглаж буй химийн бодис хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.