ХААИС-ийн оюутнууд Маркетингийн улсын олимпиадад амжилттай оролцлоо.

Нийтлэгч : .
Огноо: 2018-04-17 13:18:59

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит Маркетингийн улсын VIII олимпиад 2018 оны 04 дүгээр сарын 07-14нд хоёр үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн III, IV ангийн оюутнуудаас бүрдсэн Арга билэг, Оюуны давалгаа багууд оролцож, Арга билиг баг дэд байр эзлэн, мөнгөн медалиар энгэрээ мялаав. 
Монголын Маркетингийн Холбооноос тус олимпиадыг найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд маркетингийн мэргэжлээр сурч буй оюутнуудыг онолын мэдлэгийг сорихоос гадна бизнесийн орчинд маркетингийн хэрэглээг бүтээлчээр хөгжүүлэх, шинийг санаачлах зэрэг мэргэжлийн ур чадваруудыг сорьдогоороо онцлог юм. Сүүлийн хоёр жилийн олимпиадыг Asia Young Spikes уралдааны зарчмаар явуулдаг болсон нь Монгол залуусыг олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хөгжихөд нь чухал хөшүүрэг болж байна.
ХААИС-ийн Маркетингийн тэнхимийн оюутнууд тус тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцсоор ирсэн бөгөөд таван удаа шилдэг зургаан багийн нэгээр шалгарч, 2016 онд хүрэл медаль хүртэж байсан туршлагатай. 
Мөнгөн медаль хүртсэн Арга билиг багийн ахлагч Маркетингийн IV ангийн оюутан Х.Ууганбаатар, гишүүд Маркетингийн IV ангийн оюутан М.Алтанзул, М.Солонго болон III ангийн оюутан Б.Анар, Л.Лхагважаргал нарыг Маркетингийн тэнхимийн ахлах багш З.Ундрах удирдаж амжилттай оролцсон байна.